Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240 сая ам доллар орсон гэдэг нь ташаа мэдээлэл болно
Дэлхий нийтийг хамарсан ковидын үр дагавар, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, үйлдвэрлэлийн тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Гэвч сүүлийн өдрүүдэд тус үйлдвэрийг тойрсон андуу ташаа мэдээлэл зарим сайт нийтэлж, олон нийтэд түгээж байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа сэтгүүлчдийн асуултад хариулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?
- Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, өнөөг хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон 2017 оноос хойш жил бүр үйлдвэрлэл, эдийн засгийн батлагдсан зорилтот түвшний үзүүлэлтүүдийг амжилттай биелүүлж ирсэн. Ялангуяа төрийн өмчит үйлдвэрийн газраар ажилласан сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг гаргалаа. Тухайлбал, 2016 онд 126.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 онд 263 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Энэхүү уурхайчид, баялаг бүтээгч хамт олны маань ажил үйлсийг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхны Монгол Улсын баатар үйлдвэр болсон.
2020-2021 онд Коронавируст халдварын цар тахал тархаж, бидний гэр бүл, орон нутаг, улс үндэстэн, дэлхий нийтэд хүнд сорилт тулгарсан, амаргүй цаг үед уурхайчдаа болон тэдний гэр бүлийн эрүүл энх, аюулгүй байдлыг сахин хамгаалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй, хэвийн жигд явуулах, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ бууруулахгүйн төлөө бид хичээж ажиллаж байна.
Цар тахал нүүрлэсэн хүнд жилүүдэд “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, “Цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийн сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үеийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”-ийг батлан санхүү, мөнгөн хөрөнгийг зөв, оновчтой удирдаж, орлого нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга давуулан биелүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирлээ.
-Цар тахал хаа сайгүй санхүүгийн хямрал, эрсдлийг дагуулж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлого тасалдаагүй. Улс орон, ард иргэдийн ахуй амьдралд хамгийн бодитой дэмжлэг үзүүлж буйг хүн бүхэн мэдэрч байгаа. Харин энэ бүхэнд өнөөдрийн байдлаар, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, орлого төвлөрүүлсэн бэ?
- Монгол Улсын Засгийн газар 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ асуудлыг тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоол нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан баталгаажуулсан чухал баримт бичиг болсон. Энэ хүрээнд ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлийг баталсны дагуу бид хэтийн зорилтоо тав таван жилийн төлөвлөгөөтэй боловсруулан жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө тодотгон тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 80 орчим хувь нь элэгдэлд орсон байсан үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг шинэчиллээ.
Хамгийн чухал нь Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөж чадсан. Өөрөөр хэлбэл, бид геологи хайгуулын ажилд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртсах боломж бүрдлээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллах, олборлолт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал бол зөвхөн үйлдвэрийн асуудал биш, улс орны ирээдүй, үйлдвэржилтийн бодлого, хөгжлийн асуудал юм. Тиймээс үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр шимийг Монголчууд бүгд хүртэх боломжтой. Иймд Эрдэнэт үйлдвэрийг цаашид үр ашигтай ажиллуулахын төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.
2021 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр давуулан биелүүллээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг 100-138.2 хувиар, ашгийн төлөвлөгөөг 2.5 дахин давуулан биелүүлсэн.
2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улс орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын хүрээнд нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын тог цахилгаан, дулаан уур ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөгийг төлөөд байна.
-Сүүлийн өдрүүдэд зарим сайтад тавигдсан мэдээллийг тодруулахыг хүсэж байна. “Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа” гэх гарчиг бүхий мэдээлэл хэр бодитой вэ?
-Ийм агуулга бүхий мэдээлэл Toim.mn сайтад 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр нийтлэгдсэн байна. Энэхүү мэдээлэлд гурван зүйлээр тайлбарлая. Нэгдүгээрт, бид Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллуулж эхэлсэн 2019 онд өмнө нь банк, санхүүгийн байгууллагад үүссэн байсан бүх өр төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2019, 2020, 2021 онд нэг ч төгрөг, нэг ч ам.долларын зээл авалгүй, зээлийн хүүгийн дарамтгүй, өөрийн үйл ажиллагааны орлого, өртөг зардлын хэмнэлт, нэмэлт орлогын бүрдүүлэлтээр үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны бизнес төлөвлөгөөг ТӨБЗГ-аас 2020 оны 12 сард баталсан. Энэхүү батлагдсан төлөвлөгөөгөөр 230 сая ам.долларын зээл авч үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин гүйцэтгэлээр өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр нэг ч төгрөгийн зээл авалгүй ажиллаж байна. Тиймээс дээрх 240 сая долларын зээл үйлдвэрийн дансанд орж ирсэн, үйлдвэрийг барьцаалсан гэх мэдээлэл нь худал мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар үйлдвэрийн дансанд зээлийн санхүүжилт гэх нэг ч төгрөг, нэг ч ам.доллар ороогүй байна. Сүүлийн нэг сарын хугацааны дансны орлогын мэдээллийг харж болно.
Эцэст нь хэлэхэд, харин бид 2022 онд төлөвлөсөн том төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэр, хамтран ажиллах хөрөнгө оруулагчид болон шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр татах асуудлыг судалж байна. Ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд шаардлагатай. Энэ бол бизнесийн зарчим. Тодорхой хэмжээнд үр ашигтай зээл, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бизнесийн шийдэл, боломжууд байдаг. Энэ зарчмаар бид 2022 оны бизнес төлөвлөгөөндөө тусгаад, ТӨБЗГ-ын ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлээд ажиллаж байна.
Source: Sonin.mn