Шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн сарын 22-ны өдөр Шатахууны үнийн зөвлөлөөс гаргасан билээ.
Ингэхдээ дэлхийн зах зээл дээрх худалдаалагдаж буй сүүлийн зургаан сарын үнийг дундажлан, дотоодод зарагдах ханшийг тодорхойлохоор болж, нэг удаад нэмэгдэх дээд хязгаарыг 100 төгрөг хэмээн тогтоосон.
Энэ нь дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс хамаарч дотоодод шок үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ төрийн нөлөөллийг хязгаарласнаараа онцлог шийдвэр болсон юм.
Шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гарсны дараахан импортлогчид АИ-92 шатахууны литр тутмын үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн бол өнөөдрөөс эхлэн дахин 70 төгрөгөөр нэмжээ.
Тээвэр, үйл ажиллагааны зардал зэргийг тооцвол дэлхийн зах зээлийн өртгөөрөө нэг литр АИ-92 шатахууныг 2,400 төгрөгөөр борлуулах шаардлагатай байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байв.