Шинэ жилийн меню 68-300 мянган төгрөгийн үнэтэй байна
Бид цар тахлын улмаас шинэ жил тэмдэглээгүй хоёр жилийг өнгөрүүлсэн. Харин энэ жил хил хаагдаж, хөл хорио тавих байсан ч шинэ жилээ тэмдэглэнэ гэсэн хүмүүс хаа сайгүй. Аж ахуй нэгж, албан байгууллагын түрүүч хэдийн шинэ жилээ тэмдэглэхээр зэхэж, хаана тэмдэглэх, охид, бүсгүйчүүд нь юу өмсөж, ямар даашинзаар гоёх вэ гэсэн асуулттай тулгарч байна.
Үүнийгээ дагаад ресторануудад шинэ жилийн баярын захиалга овоорч, зах худалдааны төвүүд ч үйлчлүүлэгч ихтэй байна. Тэгвэл шинэ жилийн даашинзын үнэ болон албан байгууллага, анги нийтийн захиалга авч байгаа ресторануудын үнийн мэдээллийг хүргэж байна.
ERGELT.mn
-ГОЁЛЫН ДААШИНЗ 49.000-500.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-
Шинэ жилээр хүн бүр л бусдын нүдийг хужирласан гоёлын даашинз өмсөх гэж хичээнэ. Гэвч хамгийн гоё, сонголттой гэсэн нь үнэ илүү. Энэ жилийн даашинзны үнэ өмнөх жилүүдээс өсжээ. Тухайлбал, "Сандэй" худалдааны төвд торон, атлас, бариу гэх зэрэг төрөл бүрийн даашинз байх бөгөөд үнийн хувьд 49.900-500.000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Бозоолой” дэлгүүрт гоёлын даашинз 50.000-120 мянган төгрөгийн үнэтэй байв. Үргэлжлүүлэн “Бөмбөгөр”, “Хархорин зэрэг худалдааны төвд мөн дээрх үнэтэй адил байна. Иргэдийн хувьд мэдээж шууд худалдан авалт хийх нь ховор.
Гэсэн ч “Энэ жил ямар даашинзаар гоёх вэ” гэж хэрэндээ эрэл хайгуул хийнэ. Тэгээд үнээр нь авъя гэхээр нэг удаа л өмсөх болдог учир 2-3 хоногийн хугацаатайгаар түрээсэлж өмсдөг байна. Бидний орсон төвүүдээс охид, бүсгүйчүүдэд түрээслээд эхэлсэн нь “Бөмбөгөр” байв. Үнийн хувьд 30.000-250.000 төгрөгийн хооронд түрээсэлдэг байна. Палажныхаа чанараас шалтгаалан үнэ нь өөр байх бөгөөд чимэглэлтэй, торон хормойтойгоосоо хамааран үнэ нь нэмэгддэг байна.
Энэ талаар “Бөмбөгөр” худалдааны төвийн даашинзны худалдаа эрхлэгч Э.Жаргал “Шинэ жил арай эхлээгүй болохоор одоохондоо даашинз авсан хүмүүс алга байна. Хүмүүс зүгээр сонирхож, үнэ асууж байна. Арванхоёрдугаар сарын дундуур шуураад ирдэг. Ялангуяа, арван жилийн сурагч, оюутнууд палаж их паркатлана. Зарим нь бүр хэдийн танил болчихсон, захиалгаа эртнээс өгдөг. Үнийн хувьд янз бүр. Манайх Солонгос, Америкаас бараагаа татдаг болохоор материалаасаа хамааран үнэ нь өөр байдаг” гэв.
-РЕСТОРАНЫ ШИНЭ ЖИЛИЙН МЕНЮ 68-300 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА-
Үргэлжлүүлэн бид томоохон ресторануудаар орж, шинэ жилийн менюны үнэ асуув. Үнийн хувьд шинэ жилийн захиалга ресторануудад өөр өөр байна. Тухайлбал, Россия ресторан 30-90 хүний хүчин чадалтай бөгөөд багц меню нь 68.000-98.000 төгрөгийн үнэтэй байна. Харин The River Pub & Кitchen рестораны үнэ 139000-190.000 төгрөг, Official рестораны шинэ жилийн меню 100.000-300.000 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү ресторануудын шинэ жилийн захиалгын үнэ доод тал нь 68.000-300.000 төгрөгийн үнэтэй байна. Ингээд зарим томоохон рестораны шинэ жилийн менюн үнийг танилцуулъя
-Амударья ресторан 100, 150,500 хүртэлх хүний багтаамжтай гурван төрлийн танхимтай, үнэ 89.000-119.000
-Mandala Vip Lounge 50-120 хүний багтаамжтай танхимтай, үнэ 99.000-165.000
-Midway event center 300 болон 700 хүн хүлээн авах хоёр танхимтай, үнэ 89.000-140.000
-Алтаргана ресторан 100-130 хүн хүлээн авах танхимтай, үнэ 80.000-120.000
-Монголын нууц товчоо 15-250 хүн хүлээн авах танхимтай, үнэ79.000-109.000
-Архитектор ресторан 120 хүн хүлээн авах танхимтай, үнэ 69.900-109.900
-Green hill ресторан 50 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай, үнэ 79.000-119.000
-Rubt Room Drinк House 70-80 хүн хүлээн авах танхимтай, үнэ 99.000-109.000
-Grand Window ресторан 80-150 хүний хүчин чадалтай, үнэ 79.900-89.900
-Garlic restaurant lounge 30 хүн хүлээн авах танхимтай, үнэ 90.000-120.000
-Mаzaalai ресторан 90 хүлээн авах багтаамжтай, үнэ 85.000-105.000
-Playground event hall 80-120 хүн хүлээн авах багтаамжтай, үнэ 78.000-118.000
-Garlic Restaurant Lounge 30 хүн хүлээн авах танхимтай, үнэ 90.000-120.000
-Хадаг ресторан 40-60 хүн хүлээн авах багтаамжтай, 90.000-120.000 төгрөг гэсэн тус бүрийн үнийн саналтайгаар шинэ жилийн захиалга авч байна.