Эрээнээс ногоо татаж байхаар эм тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна
ӨДРИЙН СОНИН
БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрч, хилээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Тус хот байдлыг хяналтдаа авсны дараа хилээ нээх талаар ярилцана гэсэн албан хариуг тухайн үедээ өгч байсан. Одоогоор манай улс Хятадаас галт тэргээр хэрэгцээтэй бараагаа татаж байна. Бээжингийн өвлийн олимпийн өмнө тус улс ковидгүй байх зорилт тавьсан учир хилийн асуудал дээрээ чанга байгаа ч Монголын талд зөөлөн хандаж байна гэж манай зарим дарга нар яриад байна лээ. Аравдугаар сард Эрээнд халдвар бүртгэгдэх үед эхний 14 хоногт хилээ нам хаахад монголчууд сандралдаж “Яана аа, нарийн ногоо тасарчихлаа” гэж шаагилдацгаагаад “Барс” захын лангууг хуугаар нь хоосолж, байгаа хэдэн жимс, ногооны үнэ нь тэнгэрт хадав даа. Хэзээнээс л нарийн ногоо идэж ирсэн мэт, нарийн ногоо нь мах, гурил, төмснөөс илүү чухал мэт авирлацгааж, төр засгаас нарийн ногоо нэхэцгээсэн. Тэр дагуу төр засаг нь ч шуурхай ажиллаж Гадаад харилцааны яам “Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Эрээнээс 10 вагон нарийн ногоо ирж байгаа” гэж мэдэгдэж, ногоо нэхэж байсан хүмүүсийн амыг тагласан.
Хил хаалттай, дэлхий даяар тахалтай, дотооддоо ковидын халдвар тархчихсан байхад монголчууд эм, тарианы нөөцийн тухай бодох нь бүү хэл, вакциндаа хамрагдах тухай мартчихсан, хүнсний захын ногооны тасгаар нарийн ногоо хайгаад явж байсан. Захаар ногоо хайж явсан иргэдийн амнаас вакцин, эм тарианы хангамжийн талаар ганц ч үг унаагүй. Зүгээр л нарийн ногоо идэж чадахгүй байгаадаа харамссан, өрсөх эмгэгтээ автсан хүмүүс л байсан.
Үнэндээ Хятадын тал хилээ хааснаас хойших хугацаанд монголчууд бага сагаар бараа татсаны ихэнх нь жимс, нарийн ногоо, хувцас хунар төдийхөн байсан нь харамсалтай. Намраас хойш Эрээнээс татсан барааны нийт дүнг гаргаад дүгнэвэл ямар ч хэрэггүй юмнууд оруулж ирсэн нь тодхон харагдана. Онлайн худалдаагаар захиалсан гоо сайхны бараа, хувцас, туфль, гэрийн тавилга, цахилгаан бараа, тогоо шанага дийлэнх байж. Хил хаагдахтай зэрэг манай улс Хятадын талд 60 вагон хүнс тээвэрлэе гэдэг хүсэлтээ тавьсан байгаа юм. Гэтэл манай улс энэ жил дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарахуйц хэмжээний улаанбуудай, төмс хураагаад авчихсан. Нөөцөөрөө ирэх жил ногоо ургатал өлсөхөөргүй байхад 60-ын 60 вагон хүнс тээвэрлэе гэж гуйж л байдаг. Тэрнийхээ оронд эм, тариа татъя гэх ухаан мэргэжлийн хүмүүст нь байсангүй.
Нарийн ногоо яаралтай оруулж ир гэж наймаачид болоод ногоонд дурлагч зарим хүмүүс хашгирсан шиг эрүүл мэндийн салбарынхан, эмч нар ер дуугарахгүй юм. Эм, тариа, цэнхэр спиртээс эхлүүлээд нэг удаагийн хэрэгслүүд тасалдаж байна, ийм тийм нэн шаардлагатай тарилга, шингэн дуусчихлаа гэж дуугарсан эмч, эмнэлгийн ажилтан алга. Тяньжин боомт дээр гацалт үүссэнээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүсээд байна гэдгийг хожуу нэг юм албаны улсууд нь ам нээж байгаа юм. Тэр хүртэл монголчууд эм тариа, тариур, дусал тасалдсаныг огтоосоо анзаараагүй, сармисны гол булаацалдаад л явж байсан. Гэтэл БНСУ-аас эмнэлгийн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн буулаа гэтэл тэр дотор нь антибиотик, тариур, цус шингэлэх эм гээд яг ковидын үед, цар тахлын үед эмчилгээнд нэн тэргүүнд хэрэг болж буй эм, хэрэгслүүд байх жишээний.
Цар тахалтай, өнөөх вирус нь дүрээ хувилгаад “Омикрон” гэж шинэ нэрээр Африк, барууны орнуудыг айлгаж, 90 орчим улс хилээ хайгаад байгаа энэ үед эм тариагаа л яаралтай татъя.
Тахалтай энэ хүнд үед эхлээд хэдүүлээ амьд байя. Амьд байхад дараа дараачийн асуудлын учир олдоно.
Цар тахал дэгдсэнээс хойш буюу сүүлийн хоёр жил шинээр хувцас, гутал аваагүй эрчүүд, аавууд, ээжүүд зөндөө байна. Нэгдүгээр курстээ өмсөж байсан куртикээ гуравдугаар курстээ өмсөж байгаа оюутнууд байж л байна. Эм, эмнэлгийн хэрэгслийнхээ урдуур оочер дайруулж, цамц, куртик, гутал пүүзээ авчруулахын оронд хуучин хувцсаараа болгоод явахад дахиад хоёр, гурван жил ч болчихож болмоор байх юм. Тэр ачаа барааны цээжинд хүргэгдэж ирдэг нарийн ногоо гээчийг нь идэхгүй хэдэн ч жил болж болно шүү дээ. Сая нэг хэсэг нарийн ногоо ховордлоо гэхэд ихэнх гэр бүлд тэр чигийн хомсдол огт мэдрэгдээгүй. Хааяа, жилдээ ганц хоёр удаа салат хутгахад, баярын ширээ чимэхэд л худалдаж авна уу гэхээс биш тэр зэргийн ногоог тоож хардаггүй. “Нарийн ногоо ховордлоо гэх юм. Нарийн ногоо гэж юуг хэлээд байна” гэж гайхсан хүмүүс ч байсан. Үнэн нь тэр шүү дээ.
Одоо Эрээний ногоо гэж төөрч будилалгүй эм, тариагаа эхний ээлжинд тат. Эрүүл мэндийн салбарынхан яаралтай хэрэгцээтэй байгаа, даруй татаж авах ёстой барааны жагсаалтаа гаргаж төрөөс шаард. Тэр жагсаалтын дагуу хэрэгцээтэй эм, тариа, хэрэгслүүдийг шуурхай татах ажиллагааг түргэвчлэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, эм тариа, дуслаа татсаны дараа хоёрдугаарт, барилгын материал, гуравдугаарт, стратегийн зориулалттай бараа бүтээгдэхүүн... гэж татаж авах бараандаа эрэмбэ тогтооё. Ямар бараа нэн эрэлттэй байна, хүн ардын эрүүл мэнд, амь насанд аль нь чухал хэрэгтэй байна вэ гэдгийг судлаад оруулж ирэх бараанд эрэмбэ тогтоодог тусгай Комисс байгуулсан ч болно. Уг комисс нь эм, тариа болон стратегийн чухал бараагаа татаж авсны дараа тэр далай ногоон байцаа, даршилж нөөшилсөн шанцай байна уу, юу байна тэр бүгдээ дураараа л татна биз. Бараа татан авалт, барааны эрэмбэ дээр төр засаг бодлоготой, шийдвэртэй алхам даруй хийхгүй бол “Омикрон”, дөрөв, тав, зургаа дахь давлагаа, ханиад томууны улирал гээд олон асуудал урган гарч ирэхэд эм, тариа, тариургүй бол бүх юм дуусна гэсэн үг.
Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ ээ гэдэг чинь зүгээр толгой холбоод хэлчихсэн юм биш. Тахлыг эм, тариагаар давахаас цоо байцаагаар давна гэж байхгүй л дээ. Яг энэ тахалтай үед эм, тариагүй бол яаж эрүүл байх юм, хэн амьд үлдэх юм бэ. Урд хилээрээ элдэв ногоо биш эм, тариагаа л татъя. Одоо шинэ жил гэж хошууралгүй, элдэв эрээн мяраан юм урдаас захиж, захиалж, татахын оронд онд мэнд орохын төлөө гээд тэвчиж болох зардлуудаа тэвчээд бараа таваарын вагон зэрэгтээ арай хэрэгтэй юмаа, эм тариа, тариураа түрүүлж татах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгцгөөе.