Б.Одсүрэн: Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх дүүжин тээврийн трассыг айл өрхүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг төсөвлөснийг тайлбарлахгүй юу?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:
-Түгжрэлийг бууруулах зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ гэж байгаа. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 1,800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан байгаа.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн үү?
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
–Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаарддаг аж ахуйн үйл ажиллагаа буюу хуульд зааснаас бусад төрлийн зөвшөөрөл гэж бий. Үүнд нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 600 гаруй зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ байгаа гэж үзсэн. Эдгээрээс судалгаа хийж, шаардлагатай буюу хуульд зааснаас бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Нөгөө талаас хүнд суртал, шат дамжлагыг бий болгож байгаа шаардлагагүй захиргааны актууд, захиргааны хэм хэмжээг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Сая хэлсэн 600 төрлийн зөвшөөрөл бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана бидний нарийн тооцоолоогүй, хүнд суртал үүсгэдэг үйлчилгээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд, бичил бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн зүгээс уг Ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна.
-Гараараа давс цацсан асуудалд тайлбар хийнэ үү?
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:
-Улаанбаатар хотод хоёр удаа багагүй хэмжээний цас орсон. Тухайн компани, удирдлага, ажилчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн хүний эрүүл мэнд хохирох магадлалтай нөхцөл байдал үүссэн асуудлыг анхааралдаа авсан байгаа. Цаашид уг төрлийн үйл ажиллагааг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн зам, талбайн цэвэрлэгээ, цас, мөс арилгах үйл ажиллагаанд 20 гаруй аж ахуйн нэгж ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйлүүд зөндөө бий. Улаанбаатар хотын хэмжээнд давс цацдаг 18 машин байдаг. Энэ мэдээж хангалтгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зүгээс цас арилгах ажилтай холбогдуулан техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотой төсвийн асуудлыг НИТХ-д танилцуулахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн:
-Ирэх жил зургаан тэрбум төгрөгөөр энэ чиглэлийн техник, тоног төхөөрөмжүүдийг авахаар төлөвлөсөн. Мэдээж бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ тулгамдаад буй гол асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хөрөнгө, санхүүгээ шийдэх шаардлагатай.
-Туул голын далан дээгүүр авто зам барьж байгаа асуудалд тайлбар өгөхгүй юү?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:
-“Хан хиллс” хотхоноос баруун тийш гарсан Туулын гүүр хүртэлх нэг км замын ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажил бол маш нарийн бөгөөд үе, шат дараалалтайгаар нягтаршуулах үйл ажиллагаа явдаг. Даланг эвдэж, сүйтгэнэ гэсэн тооцоолол байхгүй. Харин далангийн түвшнийг дээшлүүлж, замынхаа ажлыг дуусгана гэсэн байр суурьтай байна.
-Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, “Дүүжин тээврийн төсөл” байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу?
-Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийгдэж байна.
2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.