Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан
“Унага” онлайн сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Атар-Эрдэнэтэй ярилцлаа.
24TSAG.mn
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. “Унага” сургалтын төвийг хэзээ байгуулсан бэ?
-Хоёр жилийн өмнө гурвуулаа нийлж байгуулсны нэг нь би. Гадаадад амьдарч буй монголчуудын үр хүүхдүүд монгол хэлээ сурах боломж хомс байдаг нь бидэнд энэ сургалтын төвийг эхлүүлэх санаа болсон. Ер нь гаднын 100 гаруй оронд 180 мянга орчим монгол иргэн амьдардаг гэсэн тооцоолол гарсан юм билээ. Үүний чамгүй олонхи нь визний зөрчилтэй, бидний хэлж заншсанаар хараар амьдарч буй иргэн. Тэдгээр хүмүүсийн үр хүүхэд амьдарч буй тухайн улсынхаа хэлийг сурахаас өөр сонголт байдаггүй. Үүнд санаа зовж, онлайнаар газар, орон зайн хязгааргүйгээр монгол хэлийг зааж эхэлсэн, үр дүнтэй болсон. Түүнчлэн 20, 30 хүүхдэд зориулан сургууль нээх нь эдийн засгийн хувьд боломжгүй тул онлайнаар эх хэлээ заах нь зөв шийдэл гэж үзсэн.
-Онлайн орчинд хэчнээн хүүхэд монгол хэлээр уншиж, бичиж сураад байна вэ?
-“Унага” сургалтын төвийг байгуулсан цагаас хойш гадаадад байгаа 2000 орчим хүүхдэд монгол хэлний хичээл заасан байна. Энэ нь онлайн орчинд хичээл зааж буй бидэнд чамлахааргүй тоо. Завсраар нь гадаад амьдарч буй монгол хүүхдэд зориулсан зургаан түвшний хөтөлбөр болон сурах бичиг бэлтгэн гаргасан. Тэдэнд зориулж “Чингис хаан”, эцэг эхчүүдэд нь зориулан “Монгол хэл, монгол соёл” онлайн өдөрлөг зохион байгууллаа.
-Монгол хэлийг онлайн орчинд заахдаа ямар материал дээр тулгуурладаг вэ?
-Монгол ёс, зан заншлыг гадаадад амьдарч буй хүүхдэд заах хөтөлбөр болон сургалтын материал бэлтгэн гаргасан. Үүнийг цахим цагаан толгой буюу видео багц хичээлийг манайд цагийн зөрүү болон бусад шалтгаанаас болж суралцах боломжгүй хүүхдүүдэд зориулан гаргасан юм. Энэ сургалтын материалыг бид нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт боловсрол хэрэгтэй хүүхдүүдэд төлбөр авахгүйгээр олгосон байгаа. “Өв соёл” нэртэй уншдаг, буддаг цахим ном хүртэл бэлтгэн гаргасан. Энэ номонд багачууд их дуртай.
-Үнэхээр хэрэгтэй зүйл хийжээ. Танай сургалтын төв хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эрхэлж байна вэ?
-Багш, боловсон хүчин гээд бүгд нийлбэл 25 хүн ажиллаж байна. Монголын анхдагч онлайн байгууллагын нэг тул эрхэлсэн ажилдаа туршлагатай хамт олон.
-Зөвхөн монгол хэлний хичээл заадаг уу?
-Монгол хэлний хажуугаар ёс заншил гэсэн хичээл заана. Энэ нь жилээс жилд бүдгэрч буй монгол уламжлал, өв соёлоо өвлүүлэх ач холбогдолтой хичээл.

-Эх хэлээ мэдэхгүй хүүхдэд монгол хэлийг онлайнаар заана гэдэг амаргүй ажил шиг санагдаж байна?
-Манайх зургаан түвшинтэй. Энэхүү бүх түвшинг төгссөн хүүхдүүд өөрсдийн түвшингөөсөө хамаарч хэлний мэдлэг нь сайжирна. Монголын сургалтын системээс нилээд өөр, хөнгөвчилсөн, илүү оновчтой хөтөлбөрөөр явагдана. Тухайлбал, долоодугаар ангийн хүүхэд манай сургалтын төвд суралцлаа гэхэд эх орондоо очиход анги улирах шаардлагагүйгээр өөрийн насны ангидаа саадгүй орж чадах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Манай багш нар англи, япон, солонгос, герман гэхчлэн олон орны хэл дээр хичээлээ явуулж байгаа. Онлайн хичээл цаг хугацаа, орон зайн хязгааргүй болохоор хамрах хүрээ нь өргөн байдаг. Ер нь хүүхдэд хичээлээ сонирхолтой зааж чадаж байвал танхимын хичээлээс дутахгүй. Хичээлээ сурагчдынхаа цаг заваас шалтгаалан долоо хоногт 1-3 удаа зааж байна.
-Сурагчдын тань хамгийн сонирхолтой сэдэв нь юу байдаг вэ?
-Монгол гэрт орж үзээгүй болохоор тэдэнд монгол гэрийн тухай дэлгэрэнгүй хэлж өгөхөд их сонирхож байна. Зарим нь хичээлээсээ шалтгаалан өөрсдөө илүү ихийг мэдэх зорилгоор уншиж судалж байна. Огт монгол хэлээр ярьж, бичиж чадахгүй хүүхдүүддээ гадаад хүнд монгол хэл сургаж байгаа мэт заана. Түвшин ахих тусам дунд сургууль хүртэлх дүрэм болон бичгийн чадвар олгож байгаа. Багш нар маань туршлагатай, онлай орчинд мэргэшсэн болохоор хүүхдүүд маань үргэлжлүүлэн урт хугацаанд сурах хүсэлтэй байдаг. 80 орчим хичээлийн сэдэв байгаа.
-Түүхийн талын хичээл заадаг гэв үү?
-Тийм ээ. Чингис хаан болон түүний амьдрал гэдэг хичээлд хүүхдүүд илүү дуртай байгаа. Мөн монголчуудын баяр, монголчуудын үндэсний хоол, хүнс, үндэсний дээл хувцас гэсэн сэдвийн хичээлд тун шимтэн суралцаж байна. Хүүхдүүд насны ангиллаар суралцдаг, харин насанд хүрэгчид хамт суралцдаг. Энэ хоёр ангилал дотроо насны хязгаар байхгүй юм.
-Багш нарын тань дадлага туршлагын талаар сонирхож болох уу?
-Хамгийн багадаа таваас доошгүй жил ажилласан, бүгд мэргэжлийн ур чадвартай багш нар байгаа. Онлайн хичээлээр мэргэшсэн анхны мэргэжлийн түвшний багш нар даа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.