"ӨГЛӨӨНИЙ СОНИН"
“Туркойз хилл ресурс” компанийн мэдээллээр Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх тов 2022 оны аравдугаар сараас хойшилж, 2023 оны нэгдүгээр сар болоод байсан. Тэгвэл энэ тов дахин хойшилж, 2023 оны эхний хагас жилд багтаж эхлэхээр яригдаж эхэлсэн байна. Далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшлох тусам өртөг зардал нэмэгдэнэ гэдгийг “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байсан юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг энэ оны наймдугаар сард хөндлөнгийн шинжээчид гаргасан.
Уг дүгнэлттэй холбогдуулан "Рио тинто" компанитай Оюу толгойн асуудлаар хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын багийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио тинто” компанид гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлага хүргүүлсэн. Гүний уурхайд олборлолт эхэлснээр хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио тинто” компанийн зүгээс зардлын хэтрэлтийн талаарх шинжээчдийн дүгнэлттэй холбоотой тов тодорхой буюу өөрсдийн менежментээс шалтгаалсан болон шалтгаалаагүй эсэх талаар хариултыг өгөхгүй байгааг Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо мэдээлж байсан. Улмаар “Рио тинто” компани далд уурхайн ашиглахад шаардлагатай бичиг баримтууд, тэр дундаа гүний уурхайн ТЭЗҮ батлуулах хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирүүлээд байгаа юм. Ийнхүү хэлэлцээний ширээний ард сууж буй талууд далд уурхайн асуудлаар зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байна.
Энэ талаар “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалангаас тодруулахад, Оюу толгойн далд уурхайн улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлүүлэх хүлээлттэй байгаагаа хэллээ. Гэхдээ уг ажлыг эхлүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талуудын тавьсан хэд хэдэн техникийн бус шаардлагууд байгаа аж.
Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэж тайлбарлаж буй аж. Тиймээс эрчим хүчний гэрээ удахгүй зурагдаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь бий болчихвол, улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх боломжтой гэнэ.
Оюу толгойн гүний уурхай 2015 оны ТЭЗҮ-ийн дагуу энэ оны нэгдүгээр сард олборлолт хийх ёстой байсан нь 2022 оны аравдугаар сар болон хойшилсон. Энэ удаад 2023 оны эхний хагас болж, ашиглалтад орох хугацаа тов дахин хойшлохоор болж байх шиг байна. Далд уурхайн ашиглалтад орох хугацаа цаашид хойшлох магадлалтай бөгөөд Монголын Засгийн газар, “Рио тинто” компанийн хооронд хийж буй хэлэлцээний үр дүнгээс бүх зүйл шалтгаална.
Хэдхэн хоногийн өмнө “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монголд газардаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзалт хийсэн. Уг уулзалтуудаар Монголын тал “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар 92 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэхдээ, “Оюу толгой төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш долоон жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм.Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавьсан” гэжээ. Энэ хүрээнд хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх гурван гэрээг цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатайг анхааруулсан.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид сануулсан байгаа юм. Тэрбээр "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй"-г дурдсан байна.
Засгийн газраас 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж эхэлсэн. Уг тогтоолд зааснаар Засгийн газар “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу толгой”, “Оюу толгой Нидерланд Би Ви”, “Оюу толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах үүрэг хүлээсэн.
Мөн 2015 оны Дубайн гэрээ буюу Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах ёстой.