А.Бөртэ-Үжин: Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрах, сайн үйлсийн элч төлөөлөгч болох нь миний зорилго
70 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс-2021” АНУ-д арванхоёрдугаар сард болно. Латин Америкийн Пуэрто-Рико арал дээр арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл шилдгүүдээ тодруулна. Энэхүү тэмцээнд 123 орны мисс өрсөлдөх юм. Зохион байгуулалтын хувьд сүүлийн таван жил усны хувцасны төрлийг хассан байсан бол энэ жилээс тус төрлийг нэмж байгаа юм. Учир нь халуун арал дээр болж байгаа болохоор эргүүлэн нэмжээ. “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох уран нугараач А.Бөртэ-Үжинтэй ярилцлаа.
ӨДРИЙН СОНИН
-“Дэлхийн мисс-2021” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. Таны биеийн харьцаа, өндөр хэд вэ?
-Би СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн, уран нугараач мэргэжилтэй. Миний биеийн харьцаа 93*57*90, өндөр 175 см.
-Та үндэсний ялагчаар хэрхэн шалгарав. Ямар шалгууруудыг давав?
-Сүүлийн хоёр жил дэлхий дахинд ковид цар тахал гарсан учир Монгол Улс хохирол багатай давахын тулд аливаа тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээг энэ оныг дуустал зохион байгуулахыг хориглосон. Тэгээд ч энэ удаад “Miss World Mongolia” тэмцээнийг зохион байгуулаагүй байх аа. Өмнө нь зохиогдсон “Miss World Mongolia” тэмцээнд орж “First Runner Up” болсон учраас сонгогдсон.
-Гадаад хэлийг яаж сурсан юм бэ. Арга барилаа олохгүй олон хүн байдаг. Та юу гэж зөвлөх вэ?
-Миний хувьд гадаад хэлийг найман настай байхаасаа эхлэн уран нугаралтаар олон орноор аялан тоглолт хийж явж байх үедээ бусад орны жүжигчидтэй ярилцаж, эргэн тойрон дахь орчноосоо суралцсан. Арга барилаа олохгүй байгаа хүмүүст хадмал орчуулгатай кино үзэх, ном унших нь илүү сайн болов уу гэж боддог.
-Та багаасаа уран нугарч эхэлсэн юм билээ. Уран нугаралт биеэ авч явах, зөв сайхан бие галбиртай байхад тусалдаг уу?
-Найман настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл уран нугаралтаар хичээллэж байна. Уран нугаралтын дасгалууд нь хүний биеийг өв тэгш, хөгжүүлдэг. Намайг зөв бие галбиртай байхад, булчинг зөв хөгжүүлэхэд нугаралт хамгийн их нөлөөлдөг. Мөн уран нугаралт, сунгалтын дасгалаар хөлний гажиг, биеийн буруу хөгжлийг засах боломжтой.
-“Дэлхийн мисс-2021” тэмцээний бэлтгэл хэр явагдаж байна?
-“Дэлхийн мисс-2021” тэмцээний бэлтгэл маш чанартай, сайн явагдаж байгаа. Одоогийн байдлаар маш шахуу цагийн хуваарьтай, тэмцээний бүх төрлүүдэд бэлтгэлээ хийгээд явж байна. Мэдээж дэлхийн тайзан дээр эх орон, улсаа төлөөлж гарах гэж байгаа учраас энэ бол маш том үүрэг хариуцлага. Тийм болохоор бэлтгэлээ маш чанартай хийхийг хичээж байгаа.
-Дэлхийн тайзан дээр улсаа ямар талаас нь сурталчилъя гэж бодож байна вэ?
-Монгол Улс бол гайхалтай өв соёлтой, үндэсний урлагтай. Тэр дундаа уран нугаралт гэдэг онцгой төрлийг хөгжүүлсээр ирсэн. Мөн маш гайхалтай үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, ухаалаг олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болж явж байгаа. Дэлхийн тайзан дээр монгол эмэгтэй хүн гэж ямар байдгийг харуулахыг зорьж байна. Улсаа сурталчлахаас гадна 122 орны миссүүдээс маш их зүйлсийг сураад эх орондоо ирнэ гэж бодож байгаа.
-Та залуу үеийн төлөөлөл. Өнөөдрийн Монгол Улс таны нүдэнд ямар харагдаж байна. Ямар талаар илүү хөгжөөсэй гэж хүсдэг вэ. Залуучууд юуг эрэлхийлж байна вэ?
-Өнөөдрийн Монгол Улс, тэр дундаа нийслэл хотын маань хөгжил цэцэглэж байгаа гэж би хардаг. Миний үеийн залуучууд маш соёлтой, боловсролтой, нэг нэгнийгээ хүндэтгэдэг болоосой гэж боддог. Тэрхүү залуучуудаасаа мөн үлгэр дуурайлал авч явдаг.
-Ирээдүйн зорилго тань юу вэ?
-Эх орныхоо, Монгол Улсынхаа энэ сайхан үндэсний урлаг болох уран нугаралтыг дэлхийд таниулах, Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрах, сайн үйлсийн элч төлөөлөгч болж дэлхийн ард түмэнд туслах, хэрэгтэй байгаа хүмүүсийн дуу хоолой болох нь миний зорилго.