УОК: Шинэ мутаци бүртгэгдсэн бүс нутгаас гадаадын иргэдийг Монголд нэвтрүүлэхгүй
Дэлхийн улс орнуудад коронавируст халдварын шинэ мутаци бүртгэгдэж буйтай холбогдуулан УОК өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм. Тэрээр “ДЭМБ-аас коронавируст халдварын шинэ хувилбарыг анхаарвал зохих аюултай ангилалд оруулсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын хэмжэээнд эрсдэлийг бууруулах, халдварын тархалтаас сэргийлэх чиглэлээр зарим шийдвэр гаргалаа. Тухайлбал,
- Халдвар тархсан улсад зорчсон, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг Монголд хүлээж авахгүй
- Дээрх улс орнуудаар аялсан, дамжин өнгөрсөн монгол иргэдийг эх орондоо ирэхэд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана
- Африк тивд ажиллагаанд оролцсон 200 гаруй энхийг сахиулагч өнөөдөр ирнэ. Хэдийгээр манай цэргүүдийн үүрэг гүйцэтгэж байсан улсад халдвар бүртгэгдээгүй ч эрсдэлтэй бүс нутгаас ирж буй тул 10 хоног цэргийн амралтад тусгаарлана.
- Өнөөдрөөс эхлэн бүх хилийн боомтоор нэвтрэх зорчигчдоос шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл нисэх онгоцны буудал, төмөр зам, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдыг шинжилгээнд хамруулна.
- Иргэдийг эрсдэлтэй бүс нутаг руу аль болох аялахгүй байх, эрсдэлээ тооцож үзэхийг хүсье. Хэрвээ шинэ мутаци бүртгэгдсэн бүсээс ирж буй бол 10 хоног тусгаарлана.
Шинэ мутацийн тархалт, өвчлөлийн талаар албан ёсны эцсийн дүгнэлт гараагүй, судалгааны түвшинд явж байна. Тиймээс ард иргэд маань аливаа асуудалд айж сандралгүй, тайван хандахыг хүсье. Одоогоор дотоодод ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Нөхцөл байдалтай холбогдуулж шийдвэрээ гаргаад явна" гэлээ.