Бусдаас өөр байна гэдэг ичих зүйл огт биш
Найз маань нэг удаа “Би төрөлхийн цэнхэр нүдтэй болохоор түүнээсээ ичиж, багаасаа хар өнгийн линз зүүдэг байсан” тухайгаа ярьсан юм. Түүний яриа надад “Бид юунаас ичих ёстой вэ” гэдэг асуултын хариуг олох эрэлд гаргасан юм. Өөрөөсөө асуулт асууж, түүндээ хариулт эрж явна гэдэг олон зүйлийг мэдэх зам руу хөтөлдөг. Хариултаа эрэх замдаа л мэдэхгүйгээ мэдэж, нэг л мэдэхэд түүнээсээ ургуулан хариултаа олчихсон мөртөө, асуудлаасаа харь хол төөрөлдөн явах нь бий.
Харин би энэ удаад өөртөө тавьсан асуултдаа ийм хариулт олсон юм. Бусдаас өөр байна гэдэг ичих зүйл огт биш. Харин өөрт байгаа бүхнээ өөрчлөх гэж оролдох л ичмээр зүйл мэт. Тухайлбал, “Би богино хөлтэй, давраагүй, онигор нүдтэй, навтгар хамартай” гэх зэргээр хүмүүс өөрийгөө голж, түүнээсээ ичдэг. Өөрчлөх гэж гоо сайхны хагалгаа хийлгэдэг. Хэдийгээр муухай гэсэн бүхнээ мөнгөтэй л бол сайхнаар сольж болох ч хиймэл зүйл бодитыг хэзээ гүйцэхгүй. Түүний оронд "Хөөрхөн төрөх албагүй" гээд л алхах хэрэгтэй мэт. Тэгэхээр хүний гадаад төрх бол ичих зүйл огтоос биш. Харин ийм зүйлээс ичиж байна гэж яваа хүмүүс л ичмээр. Ертөнцийн хүн бүр өөр царай зүс, хэлбэр галбиртай. Цөм ижил байх боломжгүй. Гэтэл хүмүүс эхээс төрсөн биеэ өөлөх нь бий.
Английн зохиолч Жожо Мойесийн “Тэр л би” номны эхний хуудаст “Зөгийн хээтэй трикогоо бахархалтайгаар өмс” гэсэн өгүүлбэр бий. Цаг ямагт хэн бусдаас өөр байна гэдгийг анаж, түүнийг хэмлэж суудаг хүмүүсийн өмнүүр харин ч хэн нэгэн зөгийн хээтэй трико өмсөөд гараад ирээсэй гэж боддог. Бусдыг өвөрмөц байхыг хүлээн зөвшөөрдөггүй ийм нэгэн хэвд цутгасан мэт нийгмийг сөрөх хэрэгтэй. Гэхдээ ичиж биш, харин ч ичихээ больтол нь, ичих булчирхайгаа гээтэл нь содон баймаар. Тэдэнд ерөөс энд цэнхэр нүдтэй, улаан үстэй, эрээн трикотой хүмүүс байх ёстой гэдгийг мэдрүүлэх ёстой мэт. Яг одоо “Ийм л байх ёстой” гэсэн баригдмал сэтгэлгээнээсээ гарч, өөрийгөө хумисан бүхэн зоригтойгоор гарч ирээсэй. Тэгвэл найз минь цэнхэр нүднээсээ ичиж, хар өнгийн линз зүүх хэрэгггүй болно доо...