Сибирийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 52 хүн амиа алджээ
Пүрэв гаригийн өглөө ОХУ-ын Кемерово мужийн Листвяжная нүүрсний уурхайд метан хий дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 52 хүрээд байна.
Осол гарахаас өмнө уурхайн гүнд 285 хүн ажиллаж байжээ. Метан хий дэлбэрснээс гал гарч, уурхай хорт утаагаар дүүрсний дараа аврагчид 239 хүнийг эсэн мэнд гаргаж, 14 хүний цогцос олсон байна.
Амиа алдагсдын 6 нь уурхайн 250 метрийн гүнд ажиллаж байсан аврагчид байжээ.
Уурхайн цооног сүүлд хорт утаагаар дүүрсэн тул аврах ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон байна.
Үлдсэн 38 хүнийг аврах найдлага тасарсан гэж дүгнэжээ. 2010 онд Кемерово мужийн Распадская нүүрсний уурхайд мөн метан хий дэлбэрэхэд 91 хүн амь үрэгдсэн нь сүүлд гарсан хамгийн том осол юм.
Оч үсэрснээс дэлбэрэлт болсон байх өндөр магадлалтайг ОХУ-ын ерөнхий прокурорын орлогч Дмитрий Демешин сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Кемеровогийн захиргаа муж даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.
Уурхайд аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхийг мөрдөн байцаагчид шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор уурхайн захирал, хоёр менежэрийг саатуулсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан уурхайчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, бэртэж гэмтсэн уурхайчдад шаардлагатай тусламж үзүүлэхийг засгийн газартаа даалгажээ.
2007 онд Кемерово мужийн Уляновская уурхайд метан хий дэлбэрэхэд 110 уурхайчин амиа алдсан нь Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойших уурхайн хамгийн том осолд тооцогддог.
ОХУ-ын эрх баригчид 2016 онд гарсан хэд хэдэн ослын дараа тус улсын 58 нүүрсний уурхайг шалгаад 34 хувийг нь буюу 20 уурхайг аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй хэмээн дүгнэж байжээ.
Тэдний дотор Листвяжная уурхай байгаагүй юм. Энэ оны дөрөвдүгээр сард засгийн газрын хяналт шалгалтын Ростехнадзор байгууллага Листвяжнаяд шалгалт явуулахад аюулгүй ажиллагааны 139 зөрчил илэрч байжээ.