М.Батбаатар: Орон сууцны үнийг хэт хөөргөддөг гажиг Монголд л байна
Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед байр орон сууцны үнэ хэт их нэмэгдэж байна. Олон улсад, тэр тусмаа Хятадад эсрэгээрээ үнэ нь унаад эрэлт байхгүй болсон гэх. Манайд орон сууцны үнэ юунаас болоод ингэж нэмэгдээд байна вэ?
-Цар тахлын үеийн хямралаас үүдээд үнийн асуудал янз бүрийн хэлбэрээр савлаж байна л даа. Жишээлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх, барилгын материалын үнэ нэмэгдэх, үүнээс улбаалаад орон сууцны үнэ нэмэх асуудал гаарсан. Үнэ нэмэгдээд байгаа асуудлыг холбогдох яам, тамгын газрууд байнга судалгаатай ажиглаж үндэслэлийг сайн тогтоож байх хэрэгтэй. Тэгж тогтоохгүй назгайрсны улмаас 2021 оны барилгын материалын үнийн өсөлтийг коэффициентээр тооцохгүйгээс болж төрийн, төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгуудад үнийн өсөлт гарч барилгачид хохирсон асуудал гарч байна. Үнийн өсөлтөд шинжлэх ухаанч буюу ажил хэрэгч байдлаар хандаж, урьдчилсан таамаг судалгаа хийж байгаагүйн балаг. Үүнээс манай барилгын системийн төрийн захиргааны байгууллагууд сургамж авах шиг боллоо.
-Тэгэхээр Монголд үүсч байгаа үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг материалын үнэтэй л холбож үзээд байна уу?
-Үнийн өсөлт хэд хэдэн хэлбэрийнх байдаг. Үнэхээр гарцаагүй гадаад, дотоодоос шалтгаалсан эх үүсвэртэй үнийн өсөлт байна уу, тэрүүгээр далимдуулаад хөөргөдөлт байна уу, хэт хөөргөснөөс болоод хөөсрөлттэй үнэ үүссэн үү гэсэн гурван чиглэлээр ангилдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар барилгын материалын зарим нэгэн түүхий эд, материал үнэд орсноор байр орон сууцны үнэ нэмэгдсэн. Жишээлбэл, арматур төмөр, хөөсөнцөр гээд гадаадаас түүхий эдээ авдаг материалууд өссөн л дөө.
Гадаадад ч нэлээд өссөн. Дотоодод ч өссөн. Энэ бол бодит өсөлт. Нэг барилга барихад 200-300 төрлийн материал ашигладаг. Харин үүгээр далимдуулаад барилгынхаа үнийг өсгөчихсөн байдал ч харагдаж л байна. Тэгэхэд БНХАУ-ын Эрээн хотод гэхэд барилгын материалын үнээс болоод үнэ нэмсэн асуудал ажиглагдаагүй. Одооноос л үнэ өслөө, бараа материалын үнэ нэмэгдэж байна гэсэн яриа гарч эхэлж байна. Энэ хөөргөдсөн үнэ богино хугацааных юм. Гадаад зах зээл дээр үнэ нэмэгдэхгүй. Орос, БНХАУ-ын зах зээл дээр барилгын материалын үнэ тогтвортой байгаа.
-Үнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Үүнийг том зургаар нь хараад барилгын салбарын төрийн захиргааны байгууллагууд, Сангийн яам зэрэг газрууд нь тооцоо судалгаатай хандаж, ялгаж салгаж байх хэрэгтэй. Тухайлбал, саяхан Засгийн газрын мэдэлд байх стратегийн ач холбогдолтой 30 аж ахуйн нэгжийг нэрлэлээ. Түүнд манай Барилгын хөгжлийн төв гээд төрийн захиргааны төв байгууллагын нэр орчихсон байна. Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийг оруулсан. Энэ хоёрыг яагаад төр стратегийн ач холбогдолтой төрийн өмчит байгууллага гэж анхааралдаа авах болов. Миний хэлж байгаа үнийн өсөлт, үүнээс болоод орон сууцны үнэ өсөх, барилгын материалын үнэ өсөх, иргэдэд эцсийн бүтээгдэхүүн болж очиход орон сууцны үнэ хэт үнийн хөөсрөлтөд хүрч байгааг барихын тулд энэ байгууллагуудыг төр өөрийн талдаа авч байна шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагуудын хариуцлага өндөрслөө.
-Монголдоо барилгын материалаа үйлдвэрлэх боломж нөхцөл хэр байна вэ?
-Сүүлийн 20-иод жил энэ бодлогыг нэлээд эрчимтэй баримталсны үр дүнд барилгын материалын 70 орчим хувийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Зарим нэгийг нь бүр экспортод гаргадаг болсон. Жишээлбэл, цементийг гаргаж байна. Гэтэл зарим материалынхаа түүхий эдийг Хятадаас авч чадахгүй болсон. Жишээ нь, нефтийн шаар авч чадахгүйгээс болоод хөөсөнцрийн үйлдвэр нь зогсчихдог. Түүхий эдээ нэг бол нөөцлөх хэрэгтэй. Нэг бол өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Арматур гэхэд Монголд үйлдвэрлэе гэвэл эхлэлийг нь тавьчихсан шүү дээ. Бэрэнгийн арматурын үйлдвэр байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна. Мөн арваад хувийн хэвшлийн үйлдвэр байгаа. Энэ бүгдийнхээ хүчийг нэгтгээд тодорхой хэмжээний татвар урамшууллын бодлого явуулаад чанарт нь хяналт тавиад явбал ойрын 2-3 жилдээ арматурын 50-60 хувийг Монголдоо ханган нийлүүлэх боломжтой. Бусдыг нь яах вэ өндөр үнээр авдаг л юм байгаа биз. Цемент бол үнэ өртгийн хувьд тогтвортой байх боломжтой. Ханын материалуудыг бүгдийг нь үйлдвэрлэх боломжтой.
-Хятад улс байрныхаа үнийг яаж барьж байна, хэрхэн буулгаж байна гэдэг талаар барилгын салбарынхны хийсэн туршлага ч гэдэг юмуу судалгаа бий юү?
-Албан ёсоор судалгаа хийсэн зүйл байхгүй. Сошиал ертөнц, цахим орчноос мэдээлэл авч байна. Ер нь бол орон сууцны үнийг хөөргөдөх асуудал Монголд л байгаа. Түүнээс өөр газар ингэж хөөргөдөггүй. 1 м.кв-ыг нь 1 сая төгрөгөөр барьчихаад 3 сая төгрөгөөр худалддаг өөр газар байхгүй. Олон улсад бол барилгын материалын тухайн жилийнхээ дундаж үнийг зарлачихдаг. 500 төрлийн материалын дундаж үнийг зарлаад ийм үнээр барилгад хэрэглэнэ. Бүтээн байгуулалт хийнэ гээд зарлачихна. Манайх огт зарлахгүй байж байгаад л үнийн өсөлтөд ороод хөөргөчихдөг.
-Барилгын материалын төвлөрсөн цэг байгуулна гэж байсан, юу болж байгаа юм бол?
-Энэ тогтолцоог шинэ Засгийн олж хараад бодлого төлөвлөлтдөө оруулчихсан байгаа. Барилгын материалын худалдаа хувийн журмаар явагдах нь үнийн хөөргөдөлд их нөлөөлж байна. Үүнийг зах зээлд хөрөнгө оруулагчид, холбогдох байгууллагууд ажиглаад Хонхорт барилгын материалын төвлөрсөн цэг байгуулахаар төлөвлөөд байна. Налайхад байгуулна. Улаанбаатар хотын баруун, зүүн захад тийм цэг байгуулна.
Бодлогын зохицуулалт хийх зүйл аяандаа харагдаж байгаа байхгүй юу. Эрээн дээрээс бага багаар аваад энд ирээд 3-4 нугалж зарах зах зээл Монголд хэрэгтэй юү, эсвэл Тяньжин зэрэг үйлдвэрлэдэг газраас нь үйлдвэрийн үнээр аваад төвлөрсөн барилгын материалын төв байгуулах уу. Нэг жилдээ л ямар ч байсан үнийн хөөргөдөлд автдаггүй барилгын материалын нийлүүлэлт худалдааны том сүлжээ болгосон нь дээр үү. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ойрын ирээдүйн стратегийн баримт бичиг бий. Түүн дээр парк байгуулна, төвлөрүүлнэ. Урд хойд хөршийнхөө үнээр материал оруулж ирж хангана гээд эхний алхмуудыг хийж байна. Энэ чинь нөгөө гурван төрлийн үнийг хазаарлаж, зохицуулах хамгийн эхний алхам. Дээрээс нь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тендерийн сонгон шалгаруулалтаар төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулахад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэн, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх төр засгийн зоримог шийдвэрүүд дэс дарааллаад гарч байх хэрэгтэй. Сая бол тэрийг нь судлахгүй байж байгаад огцом хямралд ороод бажгадлаа шүү дээ. Гэтэл үүнийг чинь Монголын барилгачдын холбоо аль гуравдугаар сард олж хараад Барилга хот байгуулалтын яаманд хандаад хэлсэн. Үнэ өсч байна, үнийн индексийг тогтооё гээд шинжлэх ухаан техникийн хороогоор оруулаад шийдвэр гаргуулаад Сангийн яаманд өгөх хөтөлбөрийг гуравдугаард сард өгсөн. Гэтэл түүнээс хойш 8-9 сар Сангийн яамтай зөвшилцөхгүй байсаар байгаад жирийн барилгачид зовлон жаргалаа хэлээд тэмцээд ирэхээр яах вэ, яах вэ гээд эхэлж байгаа юм. Одоо ирэх жил тийм л зүйл гаргахгүй байх хэрэгтэй. Тэгвэл үнийн хөөргөдлийг бид таслан зогсоож чадна.
-Өнөөдрийн байдлаар барилгын 1 м.кв нь хэдэн төгрөгөөр баригдаж байгаа вэ?
-Барилга барихад хоёр янзын үнийн категори хэрэглэдэг. Нэгдүгээрт, барилгын өөрийн өртөг. Орон сууцан дээр аваад үзэхэд үнэ өслөө, өслөө гэхэд 1 сая төгрөгөнд өөрийн өртгөөр баригдах тооцоо гардаг. Орон сууцыг олноор нь барих тусам өртөг нь багасдаг. Ер нь яагаад орон сууцны үнэ хөөргөдсөн гэхээр хотын төвд өндөр үнээр газар аваад ашигтай байрлалд байна. Тансаг зэрэглэлийн гээд янз бүр. Тансаг зэрэглэлийн орон сууц бол өндөр үнэтэй чанартай материалаар хотын “А” зэрэглэлд баригддаг болохоор мэдээж үнэтэй байна.
-Хоёулаа 2019 онд уулзахад 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ гэж ярьж байсан. Одоо энэ хөтөлбөр хэрэгжиж байна уу. Аль шатандаа явна вэ?
-150 мянган айлын орон сууцны эхний хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд нь явагдаж байна. Улаанбаатар хотод Нийслэлийн Засаг дарга 5-6 газарт батламж өгч байна. Урьд нь бас 5-6 газар явагдаж байсан. Одоогоор арваад газар дахин төлөвлөлтөд ороод явж байна. Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци нэлээд эрчимтэй ажиллаж байна. Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг байгууллагыг бэхжүүлж, төрийн мэдэлд байлгах нь зүйтэй юм аа гээд сая зарласан 30 аж ахуйн нэгжийн тоонд оруулж, хүчийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах шинжтэй болж байна. Хуучин төлөвлөсөн ажлууд явагдаж байгаа ч бага хэмжээний л ахицтай байгаа. Жилдээ 2000-3000 айлын орон сууц ашиглалтад орж байх шиг. 2022 оноос нэлээд эрчимтэй явагдана. Монголын барилгачдын нэгдсэн холбоо үүн дээр яагаад баталгаатай зоригтой дуугарч байна гэхээр 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын барилгачдын нэгдсэн холбоо нэг үүрэг авчихсан. Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нь. Орон сууц барих энэ үйл ажиллагаанд гардан гүйцэтгэгч компаниудад гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл олгох, баталгаа олгох модуль загварыг гаргана гэсэн үүргийг Монголын барилгачдын нэгдсэн холбоо хүлээсэн. Үүнийхээ дагуу хоёр жил гаруй ажиллаад түрүүчээсээ харилцан хамтран ажиллах санамж бичгүүд зурагдаад эхэлж байна. Жишээлбэл, түрүү долоо хоногт Хонконгийн хөрөнгө оруулагчтай 200 сая долларын гэрээ хийлээ. Бид Улаанбаатар хот Дэнжийн мянгад хэрэгжүүлэх гэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг Засаг даргаар нь батламж гаргуулаад, үнэ цэнэтэй болгоод, үүнийгээ барьцаалаад хөрөнгө оруулалтыг чинь авъя. Бариад дууссан хойноо барьсан байшингийнхаа үнийг таван жилийн дараа нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулъя гэсэн. Ингэж болж бүтэхгүй талаа эхэлж ярьж хоёр жил гаруй хөөцөлдөөд одоо гадны хөрөнгө оруулагчдын ихэнхэд нь хэлээд ойлгуулчихсан. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид юу хүлээж байна гэхээр Монголын хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдөхийг л хүлээж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа гэдэг мэдээллийг авчихсан. Засгийн газар нь хэрхэн тогтвортой ажиллах нь вэ, эрх зүйн орчин нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг хүлээж байгаа.