Замын-Үүд-Эрээн хооронд ачааг чингэлгээр тээвэрлэхийг хойшлууллаа
Цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор БНХАУ-ын санаачилгаар Эрээн-Замын- Үүд хоорондын ачааг чингэлгээр тээвэрлэхээр тохиролцсоныг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас мэдээлсэн. Тодруулбал, Эрээнд коронавирусийн халдвар бүртгэгдэхгүй бол өдөр бүр 20 тоннын багтаамжтай 50 чингэлэг бүхий ачааг хоёр улсын хилийн тэг цэгээс Замын-Үүд рүү нэвтрүүлэх бэлтгэлийг хангаад, өнгөрсөн даваа гарагт эхлүүлэхээр төлөвлөсөн юм.
Тэгвэл хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих туршилтын талбайг дахин засах шалтгаанаар тээвэр эхлүүлэх хугацааг түр хойшлуулжээ. Улмаар Хятадын тал уг талбайг дангаараа шалган, хэзээ ажил эхлүүлэх боломжтойг мэдээлэх аж. Ташрамд дурдахад, манайх БНХАУ болон бусад орноос импортолдог барааны 60 орчим хувийг Эрээнээр дамжуулан авдаг юм.