МАН олонх болсон цагаасаа шүүхийн шинэчлэл явуулна гэж ярьсаар л яваа. Бодит байдал дээр шүүхийн шинэчлэл нь эхнээсээ ухралт хийж эхэлж байх шиг байна.
Өнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж орж ирсэн Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг нарын зургаан хүний томилгооны асуудлыг хэлэлцсэн. Нээлттэй сонсгол болон Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр дэвшиж буй Р.Онончимэгээс эхлээд хуурамч бичиг баримтын хэрэгт холбогдсон, ёс зүйн хувьд шаардлагад нийцэхгүй зарим нэр дэвшигчид байгаа талаар УИХ-ын гишүүд ил шүүмжлэн ярив.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Сандаг-Очир нарын гишүүд “Зарим нэг эргэлзээтэй нэр дэвшигчид байна.
Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна. Тиймээс Та нэрээ татах уу” гэж асуухад нэр дэвшигч Р.Онончимэг: -“Нэр дэвших үед хүмүүсээс өргөдөл, гомдол ирнэ гэдгийг би тооцоолж байсан. Тиймээс бичиг баримтаа бэлдээд ирсэн. Би нэрээ татахгүй” хэмээн хээвнэг хариу хэлж байх юм.
Шүүхийн шинэчлэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлд орж ажиллах хүмүүсийн ёс зүй, чадавхи, шударга ёс тогтоож чадах эсэхээс яалт ч үгүй хамаарна. МАН энэ сонгуулиар олонх болсон цагаасаа хойш шүүхийн шинэчлэлийг хийнэ гэж аман дээрээ ярьсаар байгаа ч бодит байдал дээр гэмт хэрэгт холбогдсон, энэ хэрэг нь хуулийн байгууллага дээр эцэслэгдээгүй хүнийг ШЕЗ-д оруулахаар хэлэлцэж байгаа нь бодит байдал дээр ам, ажил зөрдөг нь харагдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж Р.Онончимэгийг хаацайлахын тулд уу УИХ-ын гишүүдэд илэрхий худал мэдээлэл өгсөн. Б.Баасандорж хэлэхдээ “Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой гомдол ажлын хэсэг болон яаманд ирсэн. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг судалж үзсэн. Энэ асуудал нь 2017 оноос эхэлсэн. Нэр бүхий иргэд Р.Онончимэг, тухайн хэргийг шалгасан цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид холбогдуулж гомдол гаргасан юм байна лээ. Дүүргийн Ерөнхий прокурорт энэ асуудлыг шалгуулахад тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар улсын Ерөнхий прокурорт хүртэл дээрх асуудлаар гомдол гаргахад хэрэгсэхгүй болгосон байна. Нэр дэвшигч Р.Онончимэг нь Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй” гэж хэлсэн нь бодит байдал дээр түүний нэр холбогдсон хэрэг одоог ч хүртэл Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурор дээр шалгагдаж байгаа. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шийдвэр гаргаж “Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж эхнээс нь шалгах” үүрэг өгснөөр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ийм хэрэгт нэр нь холбогдсон Р.Онончимэгийг яамны төрийн нарийн бичгийн дарга нь “Хэрэгсэхгүй болсон” хэмээн хээвнэг ярьж, өмөөрч дуугарч байх юм.
Байнгын хорооны дарга С.Бямбацогтод Р.Онончимэгийн талаар ихээ олон боть ном болохоор өргөдөл, гомдол ирсэн талаар эрхэм гишүүн өөрөө хэлнэ лээ. Тэгсэн атлаа дэмжээд л.
Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг гэх нотариатчийг мэргэжил нэгтнүүдээс нь эхлээд шүүмжилж, тэр ч байтугай түүний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогч болсон гэх иргэд, Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн, УИХ-ын гишүүд ил шүүмжлээд байхад шүүхийн шинэчлэл яриад байсан нэр бүхий гишүүд Хууль зүйн байнгын хорооны хурал дээр түүнийг дэмжиж байгаа харагдав. Өөрөөр хэлбэл, нотариатчийн хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн ашигласан гэх асуудал нь яригдаж байгаа хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болох нь ёс зүйн хувьд шаардлагад нийцэх үү.
Хэдийгээр нэр холбогдсон асуудал нь шүүхээр эцэслэгдээгүй байгаа ч гэм буруутай нь тогтоогдох магадлалтай хүнийг шүүх засаглалын томилгоонд оруулж байгаа нь Монголд өнөөх шударга ёс гэдэг утгаа алджээ гэдгийг бэлээхэн харуулж байгаа хэрэг.
Ийнхүү Монголын шүүхийн шинэчлэл хийгдэх нь ээ гэж итгэж байсан олон түмний итгэлийг МАН хөсөрдүүлж эхлэв.