СУДАЛГАА: Олон нийтэд танигдсан байдлаараа “AрдКойн” бүх насныханд тэргүүлж, “ИхКойн” удаалж байна
Санхүүгийн зах зээл тэр дундаа дэлхийн чиг хандлагыг татаад байгаа блокчэйн технологи, криптовалютын салбар Монгол Улсад эрчимтэй хөгжиж эхлээд байна. Хэдийгээр хууль эрх зүйн орчны суурь бүрдээгүй байгаа ч хувийн хэвшлүүд энэ салбарт түүчээлэн ажилласаар, монголчууд санхүүгийн зах зээлийн шинэ технологид хэдийнэ хөл тавьжээ. Жил гаруйн өмнө блокчейн технологи дээр суурилсан урамшууллын оноо болох Ард Санхүүгийн Нэгдлийн АрдКойноор криптовалюттай хошууран танилцаж байсан бид өнөөдөр Ихкойн, Зэскойн, TRD койн гээд дотоодын болон гадаадын койн, токены арилжаанд идэвхтэй оролцохыг эрмэлздэг болжээ.
Шинэ тутам хөгжиж байгаа энэ салбарт нөхцөл байдал ямар байгаа талаар анхны томоохон судалгааг судалгаа, зөвлөх үйлчилгээний "MMCG" компани хийж гүйцэтгэжээ. Судалгаа Монгол Улсад иргэдийн санхүүгийн зах зээл болон криптовалютын талаарх зан төлөв, хандлага голчлон төвлөрсөн байна. Судалгааны дэлгэрэнгүйг танилцуулъя.
Хөрөнгө оруулалтын хандлагад хадгаламж өндөр хувьтай байсаар байна
Тоон судалгаанд оролцогчдын дундаж нас 31 бөгөөд нийт судалгаанд оролцогчдын 20 хувь нь 41-55 настай, 28 хувь 31-40 настай байжээ. Эдгээр оролцогчдоос авсан хамгийн эхний судалгаа бол хөрөнгө оруулалтын талаарх хандлага. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь хадгаламж, 17 хувь нь криптовалют, койн, 18 хувь нь үнэт эдлэл, 19 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 17 хувь нь хувьцаа, 17 хувь нь газар, бусад таван хувь нь бонд, үнэт цаасанд хөрөнгө оруулсан гэжээ.
Эдгээрээс койн эзэмшигч, арилжаанд оролцогчдын хөрөнгө оруулалтын хандлага “Хадгаламжийн хүү буурч, инфляци өндөр болж байна. Зөвхөн дансандаа хадгалаад байх биш, үр өгөөжтэй, эрсдлээ дааж, ямар байдлаар хөрөнгөө өсгөх вэ гэдэг нь чухал” гэсэн иргэд нэмэгдсээр байгааг тус судалгаанд онцолжээ. Ингэхдээ анхаарах гол зүйл нь “Хүмүүс ихэвчлэн богино хугацаанд ашиг олно гэж боддог учраас алддаг. Жишээ нь, TESLA, APPLE-ийн хувьцаа нэг унаад, буцаад өсөөд байдаг. Тэр болгон дээр нь ашиг хийх гэж биш нэг авсан хувьцаа, бондоо боломжтой үедээ нэмж аваад хадгалвал найдвартай хөрөнгө оруулалт мөн” гэсэн хандлагатай иргэд олон байна.
Криптовалютын салбарын талаарх ойлголт манайд харьцангуй шинэ тутам байна. Тийм ч учраас элдэв хардлага, буруу ташаа мэдээлэл, богино хугацаанд ашиг хийх гэсэн хүмүүс мөнгөө алдах эрсдэл зэргээс үүдэлтэйгээр энэ салбарт орох сонирхолтой хүмүүс ихээхэн няхуур ханддаг тухай судалгаанаас харж болох аж. Иргэд эрсдэлтэй зүйлд няхуур ханддаг, аливаа төрлийн эрсдэл гаргах дургүй гэдэгтэй 68 хувь нь санал нийлсэн бол 58 хувь нь дотоодын криптовалют, койныг худалдаж авах талаар сонирхож байжээ. Криптовалют, койныг цахим луйвар гэдэгтэй 14 хувь нь санал нийлж, 57 хувь нь санал нийлээгүй байна. Саяхныг хүртэл “Криптовалют олборлож буй уурхай ажиллаж байж болзошгүй” гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан үеийг бодоход өнөөдөр монголчууд энэ салбарын анхан шатны мэдлэгтэй болж, зарим хэсэг нь амьдралдаа том хөрөнгө оруулалт хийж чадсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Нийт судалгаанд оролцогчдын 66 хувь нь Биткойны талаар сонсож байсан
Биткойны талаар нийт судалгаанд оролцогчдын 66 хувь нь ямар нэгэн байдлаар сонсож байсан бөгөөд 23 хувь нь энэ талаар судалж байсан гэнэ. Харин 13 хувь нь худалдаж авч байсан бол одоо долоон хувь нь эзэмшдэг аж.
Тэгвэл дотоодын койнуудыг ямар насныхан сонирхдог, авахаар судалж байсан талаарх судалгаа сонирхол татна. 16-55 насны иргэдийн 83 хувь нь АрдКойны талаар сонсож байсан бөгөөд 37 хувь нь АрдКойныг худалдан авахаар судалж байж. Харин TRD Coin-г худалдаж авахаар найман хувь нь сонирхож байсан бөгөөд судалж байсан иргэдийн 80 хувь нь TRD-г худалдаж авч байсан байна. Эдгээр койноос танигдсан байдлын хувьд АрдКойн бүх насныханд тэргүүлж, Их койн удаалжээ. Мөн зэс койн, TRD койн, CHB койнууд үргэлжлүүлэн жагсчээ. Иргэдийн худалдан авахаар судалж байсан койны хувьд АрдКойн 59 хүртэлх хувьтай байсан бол арилжаанд идэвхтэй оролцдог иргэд Их койныг худалдаж авах сонирхол өндөр гэсэн байна.
Арилжаанд оролцож байгаа хүмүүсийн долоон хувь нь өөрсдийгөө мэргэжлийн түвшний мэдлэгтэй гэж үзжээ
Судалгааны компанийн дотоодын койнуудын талаарх иргэдийн хандлага ямар байгааг нарийвчилсан судалгаа сонирхолтой үр дүн харуулжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр арилжаанд байгаа койнуудын эерэг болон сөрөг талыг оролцогчид нэрлэжээ.
Монголчуудад койн, токеныг таниулсан АрдКойны хувьд “Монголд койны талаар үндэс суурийг маш сайн системтэй тавьж өгсөн гэж боддог”, “30 гаруй охин компанитай. Зөвхөн Ч.Ганхуяг захирлыг харахаас илүү эдгээр компанийн өсөлтийг харах ёстой гэж боддог. Тиймээс найдвартай гэж бодоод АрдКойн худалдаад авчихсан.”, “Криптовалют, хөрөнгө оруулагч үндэстэн гэдгийг мэдүүлсэн, энэ салбар руу татсан гэж боддог. Монголоос анхны олон улсад гарсан койн болохоор бахархдаг. Сайн хамт олонтой”, ”Ардын бүх охин компаниудаар АрдКойноо ашиглаад үйлчлүүлж, урамшууллын оноо болгон буцааж олгодог гэсэн. АрдШопоос гэхэд л АрдКойноороо бараа авна, өөрийн гэсэн биржтэй, апп-тай.” гэж эерэг талыг нь нэрлэсэн бол сөрөг талыг “Нэг хүний лайваар л өсдөг. Буцаад унадаг. Тиймээс хэлбэлзэл ихтэй гэж бодоод зарсан.”, “Одоо зарлагдаж байгаа үйлчилгээ, урамшуулал нь хэрэгцээгүй, шинэлэг байхгүй санагддаг. Сугалаанд одоо хүмүүс итгэхээ больсон.” гэх хүмүүс ч байсан байна.
Харин Их койны хувьд “IHC койны маркетинг маш сайн. АНУ-ын хүнд жингийн тулаан нь олон нийтэд өндөр хандалттай байдаг учраас олон улсад танигдаx ажлынxаа xүрээнд Деонтэй Вайлдертэй xамтран ажилласан.”, “IHC койны гол зорилго нь дотоодын биш гадаад зах зээл рүү төвлөрч, крипто хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь миний хувьд сонгох гол шалтгаан болсон.”, “Инфляцийн түвшинтэйгээ уялдуулж койны хэмжээгээ шатаах байдал нь шинэлэг санагдсан”, “Хэрвээ надад одоо 10 сая төгрөг байвал эргэлзээ байхгүйгээр IHC койныг авна. Учир нь тэдний багт маш их итгэдэг.” гэжээ. Харин сөрөг талыг “Миний хувьд IHC койнд итгэл муутай байна. Учир нь койны нийт тоо хэмжээ хэтэрхий их, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх талаар итгэл төрөхгүй байна. ”, “Гадаадын бирж рүү гарахаар нь л харъя гэж бодож байна. Нэг боксчинтой гэрээ хийж, сурталчилгааны самбарт гарснаас өөр ажил байхгүй.”, “Төслийн баг нь төвлөрсөн, тогтвортой хамт олон биш хэдхэн хувь хүмүүс байсан нь маш их эргэлзээ төрүүлсэн. Мөн койн шатаалт хийнэ гэдэг нь ямар дарааллаар, яаж хийх нь тодорхойгүй, найдвартай гэж бодохгүй л байна.” гэсэн байна. Бусад койн токенуудын талаар үнэ цэнэ багатай, мэдээлэл багатай, олонд танигдаагүй байдлыг онцолж хэлжээ.
Иргэд койныг авахдаа юуг чухалчилдаг тухай асуулгад тухайн койн гаргаж буй байгууллагын нэр хүнд, болон нэгжийн үнийг хамгийн чухалчлан үздэг байна. 41-с дээш насны бүлгийн хувьд тухайн койны нийт тоо ширхгийг чухалчилдаг байдал бусад бүлэгтэй харьцуулахад бага гарчээ. Криптовалютын арилжаанд оролцож буй иргэдийн хувьд 42 хувь нь өөрийгөө анхлан суралцагч гэж үзэж байгаа бол долоон хувь өөрийгөө мэргэжлийн түвшний мэдлэгтэй гэж үзэж байна.
Тэгвэл одоо хүмүүс дунджаар хэчнээн төгрөгөөр дотоодын койнуудад хөрөнгө оруулсан талаар судалгааг танилцуулъя. Нэг сая болон түүнээс доош дүнгээр орсон хүмүүсийн дундаж хөрөнгө оруулалт 362 мянга байгаа бол нэг саяас дээш дүнгээр орсон хүмүүсийн дундаж хөрөнгө оруулалт нь 12 сая төгрөг байна. Харин насны бүлгийн хувьд 23-30 насны бүлэг хамгийн өндөр дүнгээр хөрөнгө оруулжээ. Криптовалютын арилжаанд оруулсан хөрөнгөө 49 хувь нь цалингаасаа бага багаар хөрөнгө оруулсан бол 41 хувь нь өөрийн хадгаламжаа ашиглан хөрөнгө оруулсан гэжээ. 16-22 насны оролцогчдын хувьд 43 хувь нь өөрийн хадгаламжаа ашиглан криптовалют, койнд хөрөнгө оруулжээ. Ингэж хөрөнгө оруулсан иргэдийн маань 54 хувь нь бага зэрэг ашигтай арилжаанд оролцсон гэж үзэж байгаа бол таван хувь нь бага зэрэг алдагдалтай арилжаанд оролцжээ.
“Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд 30 гаруй компани ажилладаг тул АрдКойныг сонгодог”
Монголоос олон улсад гарсан анхдагч койны хувьд АрдКойнтой холбоотой товч судалгааг хуваалцъя. Учир нь АрдКойн бол урамшууллын оноо гэгддэг. Одоогийн койнууд шиг мөнгөөрөө худалдаж авахаас гадна урамшууллаар үнэгүй АрдКойн цуглуулж, түүнийгээ ямар ч хэлбэрээр ашиглаж болдгоороо онцлог юм. АрдКойныг оролцогчдын 54 хувь нь Ард Апп татах, найзаа урих байдлаар цуглуулж болдог талаар мэддэг ажээ. Ингэхдээ АрдКойнтой холбоотой мэдээллүүдийн ач холбогдлын хувь нэгт, хамгийн их чухалчилж байгаа мэдээллийн хувьд “АрдКойн хязгаарлагдмал тоо хэмжээтэй, Блокчэйн технологи дээр суурилсан, урамшууллын оноо бөгөөд Ард Санхүүгийн нэгдлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ авахад урамшуулал болгон олгодог” гэдийг онцолжээ. Мөн АрдКойноо HODL буюу хугацаатай хадгалж урамшуулал авах боломжтой, тогтмол эрэлттэй бөгөөд Ардын компаниуд урамшуулалд олгосон АрдКойноо зах зээл дээрээс худалдаж авдаг, Монгол криптовалют дундаас хамгийн олон бирж дээр арилжаа явагддаг. bittrex.com, stex.com, dax.mn, trade.mn, coinhub.mn, complex.mn мөн төвлөрсөн бус бирж болох uniswap.org дээр арилжаа хийх боломжтой гэж дүгнэжээ. Дэлхийн томоохон криптовалютын талаарх мэдээллийн сайтууд болох Coinmarketcap.com, Coingecko.com, Blockfolio-д бүртгэгдсэн. АрдКойны экосистем буюу Ардын 30 гаруй компани үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байдаг. Монголын Криптовалют дундаас хамгийн олон хэрэглэгчтэй койн гэдгийг ч дурдах хүмүүс байна.
Эдүгээ койнууд дундаас зөвхөн арилжихаас гадна худалдаа үйлчилгээнд ашиглаж болдог гэдгээрээ Ардкойны нэг үнэ цэнэ байгаа төдийгүй энэ явдал нь иргэдийг ихээхэн татдаг аж. Үүнийг батлах хандлага ч судалгааны үр дүнд гарчээ. Тодруулбал, АрдКойнтой холбоотой урамшууллын хувьд АрдШопын нэг АрдКойныг 300 төгрөгөөр тооцох урамшууллын талаар 38 хувь нь сонссон бөгөөд 90 хувьд нь ямар нэгэн байдлаар хамрагдах сэдэл төрсөн байгааг тэмдэглэжээ.
Арилжаны биржүүдийн хамгийн иххэрэглэгчтэй нь DAX, COINHUB
Арилжааны биржийн хувьд одоогоор манайд хэд, хэдэн бирж ажиллаж буй. Эдгээрээс Dax.mn веб сайтын танигдсан байдал болон арилжаа хийхдээ ашиглаж байсан байдал хамгийн өндөр хувьтай байна. Харин голчлон ашигладаг арилжааны веб сайтын хувьд CoinHub.mn хамгийн өндөр буюу 30 хувьтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын 77 хувь DAX биржийг мэддэг, 48 хувь нь түүн дээр арилжаа хийж байсан гэсэн бол 27 хувь нь голчлон ашигладаг гэжээ. Үүний араас COINHUB, trade, complex зэрэг биржүүд удаалжээ.
Криптовалют, койны талаарх мэдээллийн эх сурвалжаар нь ангилахад 66 хувь нь Фэйсбүүкээс авдаг, 31 хувь нь найз, нөхөд танил, 17 хувь дотоодын вебсайт, 17 Instagram-аас авч байна гэжээ. Харин инфлүүсэрүүдийн хувьд хамгийн их мэдээлэл авдаг дагагч нь Facebook-д Ч.Ганхуяг, О.Мөнхжин нар тэргүүлж байгаа бол Instagram-д О.Мөнхжин, телеграмд Э.Эрхэмээ нар тэргүүлжээ. Криптовлалютын мэдээллийг ямар хэлбэрээр авах сонирхолтой байгаа талаарх асуулгад дийлэнх хувь нь сошиал видео контент хэлбэрээр мэдээлэл авахыг хүсч байна. Түүнчлэн Фэйсбүүк лайв, подкаст, телевизкийн нэвтрүүлэг хэлбэрээр мэдээлэл авах хүсэлтэй байдаг юм байна.
Блокчэйн технологийн суурь ойлголтууд сул байсаар байна
Судалгааны багийнхан энэхүү нэгдсэн судалгаанаас криптовалютад хөрөнгө оруулсан байдал бага байгаа хэдий ч тэдгээр хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьд үр өгөөжийг өндөр гэж үзэх нь дийлэнх байна. Түүнчлэн криптовалютын талаар блокчэйн технологийн суурь ойлголтууд арилжаанд оролцдог бүлэгт ч гэсэн сул байна. Койн худалдан авч байгаагүй бүлгийн хувьд 61 хувь нь эмэгтэй, мөн 61 хувь нь 31-55 насны бүлэг байна. Иймд уг бүлэгт зориулсан танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Одоогийн хэрэглэгч нараа хадгалахын тулд койнуудын хэрэглээг илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэж судалгааны үр дүнг мэргэжлийн хүмүүс зөвлөжээ.