Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ТАСС” агентлагт ярилцлага өгчээ
2021 онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөршид айлчлах болсон тухай мэдээлэл гарч байна.
Айлчлал болохтой холбогдуулан өнгөрсөн 10 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын мэдээллийн “ТАСС” агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч М.С.Гусман Ерөнхийлөгчөөс ярилцлага авчээ. Энэ бол ОХУ Ерөнхийлөгчийн айлчлалд чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж хэлж болох юм.
Ерөнхийлөгч Монгол Улсын гадаад бодлого, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах төсөл, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн болон “КОВИД-19” цар тахлын дархлаажуулалтын явц зэргийн талаар ярилцсан байна.
Россия-24 сувгаар нэвтрүүлсэн ярилцлагыг үзсэн оросын болон бусад улсын иргэд Монгол Улс, монголчуудын талаар олон арван сэтгэгдэл бичсэний заримыг сонирхуулья.
- Андрей Сосидко: Аугаа их Эх орны дайны үед монголчууд Ялалтын төлөө бүхнээ зориулсан. Бүгдэд нь эрүүл энх, хөгжил цэцэглэл хүсэн ерөөе.
- Светлана Орлова: ЗХУ-ын үед монголчууд Улаан-Үдийн бүх л дээд сургууль, техникум суралцаж байлаа. Тэнд дунд сургуульдаа орос хэл судалж байсан. 90-ээд оноос хойш биднийг салгах гэж оролдсон. Одоо залуучууд нь англиар, ахмад үеийнхэн нь оросоор ярьдаг. Хуучин хэлхээ холбоогоо сэргээх хэрэгтэй. Монголчууд ижил төстэй зүйлээ гээж байгаа гэдэгт итгэхгүй байна.
- Наталия Иванова: Ийм хөрштэй байна гэдэг аз жаргал. Ерөнхийлөгч нь ч хүндтэй хүн юм. Украинчууд энэ ухаалаг улсаас суралцах хэрэгтэй. Сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг ерөөе.
- Татьяна Александрова: Найрсаг Монгол Улс Оростой хамт хөгжих болтугай.
- Rasimbot: Монгол бол эрх чөлөөт улс
- Алексей Курочкин: Минийхээр бол 100 жилийн турш Оростой найрамдалт харилцаагаа гээгээгүй цорын ганц улс. Ийм хөрш зарим хамаатан саднаас ч илүү ойр шүү!!!
- Гульфая Магазова: ...Монгол бол найрсаг улс. Тэд өөрсдийн гэсэн амьдрал, соёлтой. Хэвлэлийнхэнд тийм ч нээлттэй биш хүмүүс. Ийм даруу зан нь 850 гаруй жилийн өмнөөс буюу агуу жанжин Чингис хаанаас улбаатай. Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхныг хүсье.
- Николай Ивенин: Монголчууд тусгаар тогтнолоо олж авахад Барон Унгерн тусласан гэдгийг хэлсэн үү?
- Александ Бурят: Монголчуудыг хүндэлдэг.
- Аманжол Кутанов: Жинхэнэ монгол, гоё интерьер байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид талархая. ...Сайн байна монголчуудаа. Ардчилалд нь амжилт.
- Мир вокруг: Сайн Ерөнхийлөгч
- Вячеслав Кудинов: Үзэсгэлэнтэй, өнгөлөг улс.
- Vladislav Sotnik: Штерн, Смушкевичийн тухай хэдийнэ мартжээ. Түүх гажуудсаар.
- Георгий: Одоогоор манай улсын хувьд хамгийн шилдэг хөрш. Үргэлж ийм байх болтугай.
- Николай Ивенин: Анхаарлаа хандуулаарай. Монголд сурч байлаа.
- Анатолiй Зубенко: Монголчууд бол та нарын өвөг дээдэс !
- Anvar Riza: Овог, нэрийг нь хэлэх гэж хэлээ хугалах юм байна.
ОХУ-ын мэдээллийн “ТАСС” агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч М.С.Гусман нь өмнө нь манай гурван Ерөнхийлөгчөөс ярилцлага авч байсан гэнэ. “ТАСС” агентлаг 240 орчим сая хүнд хүрдэг гэсэн судалгаа гарчээ.