Э.Сарнай: Өдөр бүр Тяньжинаас гурван вагон ачаа гарч байхад Замын-Үүд хүлээгээд авчихдаг бол барааны эргэлт арай хурдасна
Тээвэр, зуучлалын “Ашли” ХХК-ийн тээврийн менежер Э.Сарнайгаас бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл байдлыг тодрууллаа.
-Тээвэр, зуучлалын ажлын үйл явц ямар байдалтай байна вэ?
-Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн долоо хоногоос өдөрт гурван вагон буюу 140 гаруй чингэлэг ачаа Тяньжинаас оруулж ирэхээр болсон. Энэ долоо хоногийн хувьд долдугаар сарын чингэлэг ачаанууд дундаа орж байна. Дарааллын дагуу бага багаар ачаагаа татсаар л байна.
-Тээврийн үнэ хэр өссөн бэ?
-Чингэлэг тээврийн үнэ гурав дахин өссөн. Одоогийн байдлаар Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70 хувийг далайн тээврийн чингэлгээр оруулж ирдэг. Чингэлгийн олдоц муу байгаа болохоор далайн тээврийн компанийн чингэлэг 15 хоногт нэг удаа ирж байна гэх мэт шалтгаануудаас үүдэн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.
-Энэ асуудал дээр танай компани ямар арга хэмжээ авч байна?
-Манай компанийн зүгээс тээвэр, зуучлалын холбоондоо албан бичиг явуулаад, холбоо маань гадаад хэргийн болон зам тээврийн яаманд хандаж, яам түүнийг нь БНХАУ-ын төмөр зам юмуу, гадаад хэргийн яам руу хүргүүлж байгаа. Ерөнхийдөө энэ асуудал ганц зуучийн мэдэлд байдаггүй учир заавал төмөр зам, хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр, тохиролцооны үндсэн дээр л явагддаг.
-Газрын тээвэр бол дарааллаараа явж байгаа юм байна. Үүнээс өөр хямд хөлсөөр бараа оруулж ирэх боломж байгаа юу?
-Эрээний хил хаагдсан учир бүх тээвэр төмөр замаар явахаас өөр сонголтгүй байна. Бүх бараа Эрээнд ирээд гацчихна. Тэгээд хадгалалтын зардал гэх мэт илүү зардлууд их гарч байна. Ханги-Мандалын боомтоор машин оруулаад бараагаа татъя гэхээр үйл ажиллагаа нь жигдрээгүй учир тогтмол ажил явагдахгүй. Тиймээс төмөр замаа гурав, зургаан сар хүлээгээд л байж байна даа.
-Хадгалалтын хөлс хэд байдаг юм бэ?
-Эрээнд чингэлэг ачааг өдрийн 20-25 доллараар хадгалдаг. Хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй энэ үед их хэмжээний зардал гарч байна.
-Бараа бүтээгдэхүүнүүд удаан хүлээгдэхээр хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлж байна уу?
-Нөлөөлнө, зургадугаар сард татсан хүнс 11 дүгээр сард ирж байна. Энэ нь хүнсний тухай хуулийн 3.1-ийг зөрчиж, зарим бүтээгдэхүүн ирээд л устгалд орж байна.
-Мэргэжлийн хүний ажиглалтаар энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх бол?
-Ямар ч байсан ирэх оны хоёрдугаар сар хүртэл бол ийм байдалтай байна. Энэ сард хил нээгдвэл 3500-4000 чингэлэг ачаа татна гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ энэ тооны чингэлэг ачааг татсан ч Тяньжинд дахин 2500 орчим чингэлэг үлдэж байна.
-Ирэх оны хоёрдугаар сараас хойш ийм байдалтай байвал цаашдаа ямар нөхцөл үүсэх вэ?
-Барааны хомсдол үүснэ. Бүх чингэлэг Тяньжин дээр байна шүү дээ. Хомсдолоос гадна орж ирж буй бараа бүтээгдэхүүн тээврийн болон нэмэлт зардлууд их гарч байгаа учир тэр хэмжээгээр барааны үнэ нэмэгдэнэ. Цаашлаад хоосон чингэлэг олдохгүй байгаа болохоор гуравдагч орнуудаас бараа оруулж ирэхэд улам хэцүү болно.
-Эдгээр асуудал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Засгийн газраас Замын-Үүдийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Өнгөрсөн сарын 26-нд гарсан цуваа одоо хүртэл Замын-Үүдээр орж ирээгүй. Яагаад гэвэл Замын-Үүдийн чингэлгийг вагоноос буулгаж авдаг өөрөө явагч кран нь эвдэрчихсэн. Салхи шуургатайн улмаас засвар ажиллахгүй. Ийм байдал үүсэхээр цаанаас ирж буй гурван вагон ачаагаа бүрэн хүлээж авч чадахгүй байна. Ачаанууд нь Эрээний цаана хүлээлгэнд зогсчихсон. Уг нь Тяньжинаас гурван вагон ачаа гарч байхад Замын-Үүд хүлээгээд авчихдаг бол барааны эргэлт арай хурдасна. Ачаагаа буулгасан вагон буцаж явж дараагийн ачаагаа ачих ёстой. Энэ эргэлт удааширч байна.