УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал АИ-92 шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргалаа. Тухайлбал УУХҮЯ, АМГТГ, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд АИ-92 авто бензиний хангамж нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллах зөвлөмж гаргалаа. Өөрөөр хэлбэл шатахууны үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, тодорхойлох автомат механизм руу шилжиж байна гэсэн үг. Энэ нь нэг удаагийн огцом хэлбэлзлийг аажмаар газардуулж оруулах зах зээлийн үнэ бодох аргачлал.
Нарийвчилбал нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх үнийн зохицуулалт, бодолтыг автоматаар тооцох механизмд шилжиж байна гэсэн үг. Огцом хэлбэлзэлгүйгээр гэхээр нэг удаад шууд 300 төгрөгөөр үнийг нэмэхгүй. Харин энэ өсөлт хойшилсоор аажмаар хэрэглэгчдэд очно гэж ойлгох нь зөв. АИ-92 авто бензин 2050 төгрөгөөр худалдагдаж байгаа. Харин Сингапурын хөрөнгийн биржээс худалдан авч буй өртөг нь 2400 орчим төгрөг байна" гэв.