С.Болормаа агсны амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан.
С.Болормаа агсны амь насаа алдсан хэрэгт холбогдох шүүх хурал олон удаа хойшилсны эцэст өнөөдөр /2021.11.19/ Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруугийн шүүх хурал боллоо. Шүүх хурал өглөө 09.00 цаг орчимд эхэлж, 00.00 цагаас өмнө шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн С.Болормаа агсны амь насаа алдсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Ренцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг гэм буруугүйд тооцон, цагаатгах шийдвэрийг гаргасан байна.
Мөн амь хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн хохирлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Шүүхийн шийдвэрийн дараа амь хохирогчийг төлөөлж шүүх хуралд оролцсон өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгдэв.