Израилын судлаачид худлаа ярьж буйг илрүүлдэг технологи бүтээжээ
ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын судлаачид хүний нүүрний булчингийн хөдөлгөөний тусламжтайгаар худлаа ярьж буйг илрүүлдэг хиймэл оюун ухаант технологийг хөгжүүлсэн талаар Тель-Авивын их сургууль лхагва гарагт мэдээлжээ.
Энэхүү шинэ технологи нь бодит ертөнцөд худал хуурмагийг илрүүлэх чадвартай камер, программ хангамжийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж магадгүй юм гэж их сургуулийн мэдэгдэлд дурджээ. Судлаачид шинэ технологийн тусламжтайгаар туршилтад оролцогчдын худал хэлж буйг 73 хувийн нарийвчлалтайгаар тогтоосон байна.
“Brain and Behavior” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд дурдсанаар, Тель-Авивын их сургуулийн судлаачид хүмүүсийн худлаа ярихдаа гаргаж буй нүүрний хувирлаар нь хацрын булчингаа чангалдаг, хөмсгөө өргөдөг гэсэн хоёр өөр бүлгийг тодорхойлжээ. Энэхүү судалгааг булчин, мэдрэлийн үйл ажиллагааг хянаж хэмждэг электрод агуулсан зөөлөн гадаргуу дээр хэвлэсэн наалтыг ашиглан хийсэн байна.
Ирээдүйд нүүрний булчингийн бодит хөдөлгөөнд үндэслэн худал хуурмагийг тодорхойлох боломжтой видео программ хангамжийг бүтээвэл электродуудыг ашиглах шаардлагагүй болох магадлалтай гэдгийг судлаачид онцлон тэмдэглэжээ. Энэхүү технологи нь банк, нисэх онгоцны буудал, цагдаагийн байцаалт, ажлын цахим ярилцлага зэрэгт өндөр нарийвчлалтай камер ашиглан худал хуурмагийг илрүүлэхэд тустай байж магадгүй гэж судалгааны төгсгөлд бичжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг