Р.Эмүжин: Оюунчимэг ба Номин...
Энэ хоёр эмэгтэйд адил тал олон бий. Хоёулаа ногоочид, тариаланчдын тухай сайн мэднэ. Хоёулангийнх нь амьдралд тариалангийн талбай, төмс лууван асар том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ тэд төр болон нийгмийн, өөр хоорондоо асар ялгаатай хандлагын дор амьдардаг. Нэг нь Соёлын сайд Ч.Номин.
Нөгөөх нь Сэлэнгийн Зүүнбүрэнгийн ногоочин Оюунчимэг. Гачуурт компани улсаас их хэмжээний татаас авч газар тариалангийн салбарт хүчин зүтгэдэг бол иргэн Оюунчимэг хавар болгон сум хороогоор сунаж унатлаа явж байж хашаа байшингаа барьцаалан зээл авдаг.
Тэгээд тэд адилхан л ногоо тарина. Харин намар нь хураасан төмс луувангаа хотод борлуулахын тулд Оюунчимэг урт зам, ухаж төнхсөн шалгуур туулна. Хот руу ногоогоо оруулах гэж замын цагдаагаас эхлээд хяналт шалгалтынхныг давна. Ялалтын талбайд асар түрээслэх гэж Чингэлтэйн хурган дарга нарын өрөөний үүдийг сахина, цагдаад хөөгдөнө, түрээсийн үнэд нугаслуулах дөхнө, төрийнхний хүнд суртлын өмнө бөхөлзөнө.
Бүх шаардлагыг нь биелүүлээд ч дарамт шахалт буурахгүй. Гэтэл Соёлын сайд Номин төрийн ордон руу уут уутаар нь төмс зөөж, бүр гишүүдэд гарын үсгээ зураад баяр ёслолын байдалтай хүргэж өгч болно. Төмсийг нь төрийн хамгаалалтынхан зөөгөөд гүйхэд ч гайхах юмгүй. Үүнийхээ төлөө инээмсэглэл, талархал хүртэнэ, өмөөрүүлнэ. Харин Оюунчимэг ийм үйлдэл хийвэл түүнийг шалгана, хянана, ямар санаатай ордонд төмс оруулахаар завдсаныг нь байцаана, хардана, хажиглана. Энүүхэндээ гэхэд хулгайч, дээрэмчин, алуурчин, хорлон сүйтгэгч шиг үзнэ, хандана.
Аваачсан төмсийг нь шинжилгээнд өгнө, санаатайгаар төрийн ордонд шороотой төмс авч ойртсоных нь төлөө олон нийтийн хэв журам яриад торгоно, хорьж саатуулж ч магадгүй, идээ шүүсний дээжээ хуваалцана энэ тэр гэж инээж хэлээд ч нэмэргүй, хөөгдөөд гарна даа...Миний зөв байсан гэж Номин бодсоор суугаа.
Миний буруу юунд байгаа юм бол оо гэж Оюунчимэг бодсоор л яваа. За нөгөө сүүлийн үед учир мэдэх хүмүүсийн амнаас үе үе гараад байх болсон кастын систем, дабль стандарт зэрэг ойлгомжгүй үгс, үзэгдлүүдийн чинь агуулгыг хамгийн холоос, хамгийн бүдүүн тоймоор тайлбарлахад энэ шүү дээ. Төрийн түшээд нь ядаж энэ мэтийн ялгаатай хандлагыг эрх хүүхэд шиг ухамсартай, ухамсаргүй үйлдлүүдээр өөгшүүлээд баймааргүй л байгаа юм даа.
Р.Эмүжин