Монгол, АНЭУ-ын худалдааны эргэлт 6.74 сая ам.долларт хүрчээ
Монгол Улс, АНЭУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилготой "Монгол-АНЭУ–ын бизнес форум” энэ сарын 17-нд боллоо.
Гадаад харилцааны яам, МҮХАҮТ болон АНЭУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулсан уг форумд хоёр орны 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалт хийв.
Монгол, АНЭУ эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хамтран ажилладаг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, энэ оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрсэн байна.
Форумыг нээж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа үг хэлэв. Тэрээр хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн бизнес форумаар нээгдэж буйг тэмдэглэв. Мөн хоёр орны хамтын ажиллагаа цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөж байгааг онцлоод худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Энэ үеэр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар илтгэл тавив.