Д.Сумъяабазар: Орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг зогсоох шаардлагатай
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна. Түүнчлэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
Улаанбаатар хот хогоо дарж булдаг технологиосоо татгалзах хэрэгтэй, дахиад булах газар үлдээгүй. Үүний оронд дахин боловсруулах чиглэлд шат ахих хэрэгтэй байна.
Гэр хороолол, орон сууцны айлууд хогоо ангилах соёлд суралцаагүй байгаа. Хотын иргэн болох болоогүй гэж бодож байгаа. Биеэ буруу авч явах, нус цэрээ гудамжинд нийх, нийтийн газар бие засах үзэгдэл хэвийн үзэгдэл шиг болсон. Хотын соёл дүрмийн хүрээнд хашигдаж, хуулиар зохицуулагдаж явна.
Цаашдаа улам хуулийн хүрээнд болгоно. Хөдөөнөөс ирж байгаа иргэдээ хотын соёлд сургана. Улаанбаатар хотод ирээд таван үе явж байж хотын иргэн болно гэж ойлгож байгаа.
Машиныхаа цонхоор хогоо хаяад байж болохгүй.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хуулийн дагуу арга хэмжээ аваад эхэлнэ. Улаанбаатар хотын нэгжийн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрхүүд шилжиж ирж байна.
Приус автомашины аккумуляторын хаягдлын асуудал яригдаж байгаа. Манай улс Приус машины хогийн цэг биш. Аккумуляторыг дахин боловсруулдаг үйлдвэрийг барьж өгөх шаардлагыг Японы талд тавьсан.
Улаанбаатар хотод жилд 85 мянган хуучин тээврийн хэрэгсэл орж ирдэг. Би 1.5 сая иргэндээ төрийн үйлчилгээг үзүүлэх төсвийг батлах гэж байна. Дээрээс нь 35 мянган хүн орж ирэхээр төсөв яах вэ. Бидний төсвийг тэр хүмүүс авч байна гэсэн үг. Улаанбаатар хотод орон нутгаас хүн орж ирэхийг зогсоож өгөхийг УИХ-аас хүсэж байна. Өсөн нэмэгдэж байгаа 85 мянган тээврийн хэрэгслийг зогсоож өг. Тэгш, сондгойгоор явах уу, автомашиныг насжилтаар нь явуулах уу гэх мэт халуухан, халуухан шийдвэр гарахаар яригдаж байна. Автомашин, замын татварыг нэмэгдүүлэх үү. Улаанбаатар хотын амжиргааны түвшин хамгийн бага. Хямд амьдралыг зорин Улаанбаатар хотод ирж байна.
Дэлхийн бүх хотууд үнэтэй, цалин нь ч хамгийн өндөр байдаг. Механик өсөлтөөр нэмэгдэж байгаа хүн амын, автомашины өсөлтийг зогсоох ёстой. Эсвэл түгжрээд яв.