Москва хөндлөнгөөс оролцсоны дараа Армени, Азербайжан мөргөлдөөнөө зогсоожээ
МОСКВА. /RIA Novosti/. Мягмар гарагт Азербайжан, Арменийн хилийн бүсэд дахин зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Арменийн Батлан хамгаалах яам Бакуг хилээр сэтлэн орохыг завдсан гэж буруутгасан бол Азербайжаны байрлал руу дайрсан гэж Баку мэдэгдсэн байна.
Арменийн эрх баригчид тусгаар тогтнолоо хамгаалахад тусламж хүсэж Москвад хандаж, улмаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хоёр улсын Батлан хамгаалах сайд нартай утсаар хэлэлцээ хийсэн байна. Шойгутай утсаар ярьсны дараа Азербайжан, Армени Килисали уулын орчимд байлдааны ажиллагаагаа зогсоосон гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. "Оросын талын зуучлалаар тохиролцсоны дагуу 18:30 цагаас эхлэн галыг зогсоосон" гэж Арменийн Батлан хамгаалах яам орой нь мэдэгдсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинянтай Армени-Азербайжаны хил дээрх нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Арменийн цэргүүд Азербайжаны хилийн Келбажар, Лачин хэсгүүд дээрх өндөрлөгийг эзлэн авах ажиллагааг эхлүүлсэн гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мягмар гаргийн өглөө мэдэгджээ. Армийнх нь байрлал руу янз бүрийн төрлийн том калибрын зэвсэг, гранат харвагчаар эрчимтэй гал нээсний улмаас хоёр цэргийн албан хаагч шархадсан гэж Азербайжаны тал мэдэгдсэн байна.
Харин Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, тус улсын цэргүүд Азербайжаны цэргүүдийн “дайралтыг няцаах хариу арга хэмжээ авсан” гэжээ. Түүний хэлснээр, үүний дараа Азербайжаны Зэвсэгт хүчин орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлэн хилийн зүүн хэсэг дэх Арменийн байрлал руу гал нээж эхэлсэн аж.
Арменийн эрх баригчид үдээс хойш Москвад хандан нутаг дэвсгэрийг нь Азербайжаны цэргүүдийн дайралтаас хамгаалахыг уриалжээ. Арменийн Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян энэ тухай телевизээр мэдэгдсэн байна. Тэрбээр Борис Ельцин, Левон Тер-Петросян нарын 1997 оны наймдугаар сард гарын үсэг зурсан найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай Орос-Арменийн гэрээний дагуу Москвад хандсан гэж мэдэгджээ. Энэхүү баримт бичгийн гуравдугаар зүйлд гуравдагч улсын түрэмгийлэлд өртсөн тохиолдолд талууд бие биедээ харилцан цэргийн тусламж үзүүлж, бүх талаар эсэргүүцнэ гэж заасан байдаг аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг