Н.Учрал: Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас биш
Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Виртуал хөрөнгийн хууль бол цаг үеэ олсон хууль юм. Бусад улс орны хуулийг харахад бүрэн төгс зохицуулж чадсан хууль байхгүй юм билээ. Ерөнхийдөө бүгдээрээ янз янзын дүрэм журам туршаад, зарим нь хориглочихсон. Гэхдээ хууль боловсруулахдаа нэг зүйлийг маш тодорхой болгосон. Виртуал хөрөнгө гэдэг нь үнэт цаас юм уу төлбөрийн хэрэгсэл юм уу. Энэ хуулийг боловсруулахдаа алийг нь барьж боловсруулсан юм бэ. Анх биткойн гарч ирэхдээ төлбөрийн хэрэгсэл болж гарч ирсэн. Өнөөдөр хаашаа яваад байна" хэмээн асуулаа.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал "Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томьёоллоор явна. Харин Монголбанк санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно. Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Энэнээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээг гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь авахуулаад өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байгаа" гэлээ.