Энэ жил Монголд анх удаа цагаан будаа тариалж, 10 тонныг хурааж авчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгч байна.
Энэ үеэр сайд З.Мэндсайхан нэгэн онцлох мэдээлэл танилцуулсан нь Монгол Улсад анх удаа цагаан будаа амжилттайгаар тариалж, хураан авсан тухай байв.
Тэрбээр энэ талаар "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.
Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм.
Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь "Хөсөг" цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно" гэлээ.
Мөн тэрбээр, "Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авлаа" гэв.