"Даяар Монгол" хөдөлгөөн: "No naadam"-ыг зохион байгуулагчид бол эх орноосоо урвагчид
"Даяар Монгол" хөдөлгөөний УЗ-ийн гишүүн П.Бямбатулга, "Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн нар тэмцэгч Д.Монголхүү, Э.Одбаяр тэргүүтний талаар байр сууриа илэрхийлж, цагдаа нарыг өмөөрлөө.
Энэ үеэр П.Бямбатулга: "Өнөөдөр өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлээд нэг гар утас бариад талбай дээр гараад олон долоон юм яриад байгаа энэ нөхдүүдийг бид нар мэднэ ээ. Дотор нь ороод гарсан юм шиг мэднэ. Би цагдаа нарыг өмөөрөх гэж ирсэн. Яагаад гэвэл баяр ёслолоор нэг ч цагдаа гэртээ байдаггүй. Гэмт хэрэг гарлаа гэхэд цагдаа нар л явж байдаг, тэмцэгч гээд байгаа хүмүүс явахгүй шүү дээ. Э.Одбаяр, Д.Монголхүү нар бол тэмцэгч биш ээ.
Эд нар No Naadam хөдөлгөөнийг зохион байгуулсан. No Naadam хөдөлгөөнийг зохион байгуулснаараа эх орноосоо урвасан гэмт хэрэгт шалгагдах ёстой.
Энэ хүмүүс шалгагдаж байгаа, удахгүй шүүхийн тавцанд зогсох юм. Түүнээсээ айж сандарсандаа УИХ-ын гишүүдийг Хүний эрхийн тухай нээлттэй сонсгол хийхийг уриалаад Төрийн Ордноор гүйгээд байгаа юм шүү. " гэв.