Беларусь Европт хий нийлүүлэхээ зогсооно хэмээн сүрдүүлжээ
МИНСК. /Euronews/. Беларусийн баруун хил дээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбоо /ЕХ/ манай улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авбал бид хийн нийлүүлэлтийг зогсооно гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко пүрэв гарагт анхааруулжээ.
Беларусийг цагаачлалын хямралыг санаатайгаар үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа ЕХ, Минск өөр хоорондоо зөрчилдөж буй энэ үед Беларусь-Польшийн хил дээр олон мянган хүн гацсан хэвээр байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт энэ асуудлаар яаралтай хуралдсаны дараа Өрнөдийн орнууд Беларусийг зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргажээ.
Харин А.Лукашенко ОХУ-аас ЕХ-ны орнууд руу Беларусиар дамнан хий нийлүүлдэг Ямаль-Европын дамжуулах хоолойн талаар ийнхүү мэдэгджээ. Тэрбээр, “Бид Европыг дулаанаар хангаж байхад тэд хилээ хаана гэж сүрдүүлж байна. Хэрэв бид байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоовол юу болох вэ? Миний хувьд Польш, Литва тэргүүтэй орнуудын бодлогогүй удирдагчдад ярихаасаа өмнө тунгаан бодож байхыг зөвлөж байна” гэжээ.
Түүний хоолойн өнгийг Минск үүсээд буй асуудлыг “аль болох ойрын хугацаанд” зохицуулах хүсэлтэй байгааг онцлон ЕХ-той яриа хэлэлцээ өрнүүлэхийг уриалсан Гадаад хэргийн сайд Владимир Макейнхтэй харьцуулахад илүү ширүүн байжээ. Оросын “Газпром” компани Ямаль-Европын хийн хоолойгоор Ямалийн хойгоос Польш, Герман руу хий нийлүүлдэг бөгөөд Минск тээврийн зардал авдаг.
Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Цихановскаягийн хувьд А.Лукашенкогийн мэдэгдлийг “хий хоосон сүрдүүлэг” хэмээн тодорхойлоод, хийн нийлүүлэлтийг зогсоох нь ЕХ-ноос илүү Беларусьт хохирол учруулна гэв. “ОХУ-ын ашиг сонирхол ч мөн энд яригдах учраас би үүнийг нухацтай авч үзэхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг