Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдэд өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүний аминд хүрсэн гэж яллах дүгнэлт үйлджээ
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж аминд хүрч, цэргийн албанаас оргосон хэрэг гарсан.
Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотнын хүнийг;
2.11.бүлэглэж;
28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах
1.Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.7 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших
2.Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.8 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.15 дугаар зүйл.Хилийн алба хаах журам зөрчих
1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.2 дугаар зүйл.Дээрэмдэх
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлджээ.
Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 15-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Шүүгдэгчид зургаан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох ба хохирогч 2, гэрч 2, шинжээч 1, улсын яллагч 1, шүүгч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулах юм байна.