Дараагийн "ЖДҮ" буюу Хөдөө аж ахуйг дэмжих сан
"ЖДҮ" хэмээх шударга бусын “авдар” задарч төрийн мөнгийг танил талаараа хувааж авсан албан тушаалтнуудын үнэн төрх ил болсон нь саяхан. Үүний мөрөөр хууль хяналтын байгууллага шалгаж, хариуцлага хүлээсэн нь ч бий. Тэгвэл улсын мөнгийг хэрхэн гинжин хэлхээнд оруулж, өнгө зүсийг нь хувиргадгийг харуулж монголчуудын нүдийг орой дээр нь гаргасан "ЖДҮ"-ээс том “хэрэг” олон жил амь бөхтэй оршжээ. Өөрөөр хэлбэл, бусдын боломжийг хулгайлдаг дараагийн "ЖДҮ"-гээр Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих санг нэрлэж болохоор байна. Сангаар дамжуулж хэрхэн “мөнгө угаадаг”-ийг хөндлөнгийн аудитын байгууллага шалгаж тогтоожээ.
289 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГЫГ ХЭНЭЭС, ХААНААС ЭРГҮҮЛЭН АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Малчид тариаланчдыг дэмжих уриатай Хөдөө аж ахуйг дэмжих санд жилд дунджаар 15 тэрбум төгрөг эргэлддэг. Гэтэл сүүлийн таван жилийн мэдээллийг нягтлахад төрийн дансан дахь доллараар зүгээр “тоглож” байсан аж. Нэг ёсондоо орлого, зарлага нь тэрбумаар хэмжигддэг хэрнээ тайлан баланс нь цагаан цаасаараа 4-5 жил болсон гэхээр тэнд ямар “хууль” үйлчилж байсан нь тодорхой болов уу.
Хөдөө аж ахуйг дэмжих санд “авлигын эрсдэл хамгийн их” байна гэсэн дүгнэлтийг “Голден пейж” аудитын компани гаргажээ. Тус компани АТГ-ын захиалгаар үнэлгээ хийхэд сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг салбарын сайд толгой мэдэн шийдэж, хэнд хэдэн төгрөг өгөхийг тогтоолоор баталдаг байжээ. Ингэхдээ ямар нэгэн сонгон шалгаруулалт, өрсөлдөөнгүйгээр нэр бүхий компанид мөнгө хуваарилж байсан баримт ил болов.
Тухайлбал, “Махны чиглэлийн цэвэр лимүзэн үүлдрийн үхэр үржүүлэх, үржлийн аж ахуй эрхлэх” төсөлд дэмжлэг нэрээр “Сэлэнгэ” компанид нэг тэрбум төгрөг шууд өгсөн байх жишээтэй. Хамгийн ноцтой нь үүнийг хөндлөнгөөс хянадаг тогтолцоо байхгүйн дээр нэр заасан компани өрсөлдөгчгүйгээр шууд авдаг байж.
Үүнийг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журам байдаг ч энэ бүгд Хөдөө аж ахуйг дэмжих санд үйлчилдэггүй гэсэн үг. Мөн Сангийн яамны дамжуулан зээлдүүлэх гэрээний ам.доллараар хэмжигдэх зээлийг хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй, эргэн төлөгдөхгүй байгаагаас зээлийн хүү үржигдэж, дампуурлын ирмэгт тулсан байна. Энэ мэтээр төрийн харьяаны байгууллага малчид тариаланчдыг урдаа барьж төсвийн мөнгө, олон улсын зээл тусламжийг үрэн тарах хийж байгааг нотлох 60 гаруй хуудас материалыг аудитын компани АТГ-т хүлээлгэж өгчээ.
Тус сангийн авлага 2018 онд 170 тэрбум, 2019 онд 270 тэрбум, 2020 онд 289 тэрбум төгрөгт хүрсэн ч энэ мөнгөний дийлэнхийг хэнээс хаанаас эргүүлэн авах нь тодорхойгүй байгаа нь хамгийн ноцтой.
САНГИЙН ЗАХИРАЛ 15 УДАА СОЛИГДЖЭЭ
Сангийн ажилчдаас авлига хаана хамгийн их байна вэ гэхэд “Сайдаас эхлээд сангийн захирал, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл бий” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд ес, Хөдөө аж ахуйг дэмжин сангийн захирал 15 удаа солигдсон байна. Санд таваас дээш жил ажилласан 11 хүн байгаа бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаанд ажилласан 32 хүн байна. Үүнээс харахад ажиллах хүч тогтворгүй, ашиг хонжоо хайх, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал газар авсан байж болзошгүйг гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргасан байна. Хараат бус байх учиртай Төлөөлөн удирдах зөвлөлд толгой яамын эрх бүхий албан тушаалтнууд орж суучихаад дураараа дургиж байдаг аж.
Хөдөө аж ахуйг дэмжих сан худалдан авах ажиллагааг сайдын гарын үсэгтэй тогтоолоор явуулдаг. Ингэхдээ Төв аймгийн Баянчандмань сумын нэг иргэн 40 трактор авсан. Малын тэжээл авна гээд 23 байгууллагад 40 тэрбум төгрөг олгосон баримтыг аудитын компани илрүүлжээ. Үүний зэрэгцээ чанарын шаардлага хангахгүй үр тариа, буудай хураах бага оврын техник хэрэгсэл нийлүүлсэн тухай тариаланчид ярьсан байна.
Энэ нь сонгон шалгаруулалтгүйгээр тендерт ялсан чадамж муутай компанитай шууд холбоотой болохыг ч үнэлгээний багийн гишүүд тодотгож байсан юм. Үүнээс улбаатай санхүүгийн үр ашиггүй байдал газар авснаас худалдан авах ажиллагаа эрсдэлд орсон. Энэ байдал цааш удаан үргэлжилбэл Хөдөө аж ахуйг дэмжих сан дампуурахад бэлэн. Ер нь төрийн мөнгийг “угаадаг” газар гэдгийг аудитын компанийн удирдлага шууд хэллээ.
Бид энэ талаар ХААДС-гийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн газрын даргатай холбогдоход “Хамтран ажиллахад бэлэн. Алдаагаа засна” гэсэн тайлбар өглөө.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин