Эрт хөгшрөхийн гол шалтгаан юу болох?
Үржил шим ихтэй, ус минералаар баялаг хөрсөнд ургасан мод өсөлт сайтай, өндөр, саглагар байх ба урт насалж, элдэв хортон, өвчлөлд өртөх нь бага байдаг. Харин шим тэжээл муутай, ус минералаар ядуулаг хөрсөнд ургасан мод өсөлт удаан, намхан, хатингар, өвчлөх гэмтэх нь их, богино насалдаг байна. Орчноо ажиглаж, судалж, үзэгдэл бүрийн учрыг тунгаан бодож дадсан хүнд бол энэ бүхэн нь илт харагдаж, ойлгогдож байдаг. Дээрх үзэгдэл мал, амьтны хувьд, хүний хувьд ч яг л иймэрхүү шинж, байдлаар илэрч, хэрэгжиж иржээ. Гярхай, ухаалаг, судлаач хүний хувьд бол гаргаад, иш татаад хэлчих жишээ, баримт ч олон байдаг. Харин энэ үзэгдлийн цаана ямар учир, шалтгаан нуугдаж буйг үнэн мөнөөр нь таньж тодорхой сайн ойлгосон хүн энэ XXI зууны эхэн үе гэхэд ч цөөхөн янзаараа байна.
Хүн бол тодорхой утгаар олон арван эрдэс бодис, олон зуун эрэг, шураг, холбоос, олон эд, эрхтэн, олон судас, шөрмөс, олон сая эс, эрчим хүч, дулааны био үүсвэрүүдээс бүтдэг “онцгой нарийн нийлмэл барилга-байгууламж” юм. Энэ “барилга- байгууламж” нь ердийн нэгэн барилга шиг л элэгдэж хуучирдаг ажээ. Иймд түүнийг байнга засаж, тордож, сэргээж, сэлбэж байх ёстой. Эс тэгвэл нурах, сүйрэх болно. Нэг л ялгаатай тал нь амьтан ба хүнийг ихэнх төлөв дотроос нь хоол ундаар дамжуулан засварладаг байна. Тийм дээрээ ч “Хүний идэж буй хоол нь эм болж байх ёстой. Ууж буй эм нь хоол байх ёстой” гэх өөртөө гүн гүнзгий утга шингээсэн хэлц үг гарчээ. Харин “хорыг хороор” гэх Европ гаралтай үг эдүгээ эргэлзээ төрүүлэх болоод байна.
Хүн, амьтан өсөж өндийх насандаа хоол, унднаасаа өөртөө хэрэгтэй бүх зүйлийг ялган, нийлэгжүүлэн авах чадвартай байдаг. Харин нас ахих хэрээр энэ чадвар нь буурдаг, доройтдог. Тэгээд л өөртөө, биендээ бэлэн байгаа бүхнээ хэрэглэж эхэлдэг байна. Ингэснээр уг барилга байгууламж маань хэврэгшиж, нурж, өвчинд өртөмхий болж, хөгширч хагдарч, яс нь сийрэгжиж, үе мөч нь эвдэрч, үс шүд нь унаж, ой санамж нь доройтож, сэтгэн бодох чадвар нь ч мууддаг. Ийм процесс 40 орчим наснаас ч эхэлж болно. Үүний гол шалтгаан бол хүний биеийг бүтээж байгаа эс эд, эрхтэн, яс, булчин өөрт нь байх ёстой амин чухал минералуудаасаа хагацсан хомсдол, гачигдал юм.
Олон янзын минерал, олон нэрийн витаминыг хоолны нэмэлт болгон хэрэглэх, хөдөлгөөний хомсдолд орохгүй байх, алив бүхэнд идэвхтэй зарчмыг баримтлах, амьдралын амьдын баяр баясгаланг өөрсдөө бүтээж, эдэлж байх ухамсартай үйл ажиллагааны ачаар л хөгшрөх процессыг зогсоож “урт наслах, удаан жаргах” боломжийг олдог байна.
Ургамал бол хөдөлж, шилжиж, шинэ хөрс шороо руу нүүдэллэн явж үл чадах учраас үндсээ хүрэх зайны шим тэжээлд л дулдуйдах хязгаарлагдмал бололцоотой байдаг. Орчноо хэрэглэж дуусгаад л хөгшрөх, доройтох болдог. Ингээд элдэв хортны эсрэг дархлаа нь доройтож, өвчилж, хатаж хагдарсаар үхдэг байна.
Хүний хувьд бол “Үхэл үгүй мөнхөд байдаг, үргэлжид 25 настайгаа байдаг” хэмээсэн ариун бумбын орон дахь үлгэрийн нөхцлийг өөрсөддөө бүрдүүлэх арвин боломж одоо нэгэнт буй болсон гэж тодорхой утгаар хэлж болохоор байгаа юм.
XXI зууны өндөрлөгөөс үзэх, үнэлэх аваас үнэхээрийн сайхан боломжууд нээгджээ. Өрнийн болон Дорнын анагаахуй ухаан нийлж “хоёр морины хүчийг оллоо”. “Хорыг хороор" ч эмчилдэг, “Хорыг хоолоор” ч анагаадаг боллоо. Эвдэрсэн машины эд ангийг солихын адилаар л хүний бие, эрхтэнд юуг нь л бол юуг сольж тавьж эхэллээ. Олон нэрийн витамин, олон янзын минералаар хүний эд, эрхтэнг 100% хангаж “өөрөө өөрийгөө доройтуулах, хэрэглэх” аюулыг зайлуулж байна. “Насны доройтол” гэх оношийг 80, 90 наснаас цаашхи үед тавих боломж бодитой боллоо. Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн биологийн идэвхит нэмэлт тэжээл (БАД) ердийн зүйл болон дэлгэрлээ.
“Ёстой л эзэн нь хичээвээс” заяа тавилан нь 100 илүү наслах боломжийг олгож байна.
Витаминууд, минералуудын дутагдлаас болж эрт хөгшрөх, дархлаа сулрах, өвчин халдварт өртөх, дотор эрхтэнгүүд хямрах, хараа сонсгол муудах, булчин суларч үе мөч хөндүүрлэх, толгой эргэж дотор муухайрах, сэтгэлээр унаж гутралд автах, өөртөө итгэлгүй болох, орчноо тээршаах, амьдралаас уйдах гэх мэтийн зовиур шаналан өндөр настан бүрийг дагалдаж явахаа болиод байна.
Оюун ухаант хүнд одоо гэхэд буй болчихоод байгаа энэхүү боломж, нөхцөл харин ургамал, амьтны хувьд бол үгүй юм. Тэд гагцхүү байгалиас заяасан төрөлх боломжоо хэрэглэж л амьдарч, оршиж байна.
Насанд хүрсэн хувь хүний эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг орчин үед 4 том бүлэгт хувааж үзэх болжээ. Бүлэг тус бүрийн нөлөөний эзлэх хувийн жинг ч ойролцоогоор тогтоогоод байна. Хүний эрүүл мэндийг муутгаж, өвчлүүлж байгаа эхний том бүлэг хүчин зүйлүүд нь уг хувь хүний өөрийн нь амьдралын хэв маяг, зуршлаас үүдэлтэй ажээ. Энэ бүлэгт тухайн хүний эрхэлдэг ажил, хөдөлмөрийн шинж ба нөхцөл, хамт олны доторх уур амьсгал, хоол тэжээлийн чанар, хэмжээ, чөлөөт цагаа өнгөрөөдөг байдал, хувийн ариун цэвэр, хорт зуршлууд, гэр бүл-ахуйн нөхцөл багтаж байна. Энэ бүлэг хүчин зүйлүүдээс хүний эрүүл мэнд 50 гаруй хувиар хамаардаг ажээ. Удаах бүлэг хүчин зүйлүүд бол бүс нутгийн уур амьсгал, хөрс, ус, агаарын бохирдол гэх мэтийн хүрээлэн буй орчны нөлөөтэй холбоотой бөгөөд тэдгээр нь хүний эрүүл мэндэд 20 хүртэл хувиар муугаар нөлөөлж чаддаг гэнэ.
Урьд өмнө нь төдийлөн тооцогддоггүй байсан удамшлын шинжтэй өвчин, эмгэг одоо эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хүчин зүйлүүдийн биеэ даасан бүлэг болж яригддаг болжээ. Энэ бүлэг хүний эрүүл мэндэд мөн л 20 шахам хувиар муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Хүмүүсийн эрүүл мэндийг бараг л 100 хувь хариуцах ёстой мэтээр бидний ойлгож ирсэн эмнэлгийн тусламжийн чанар, олдоц хүний эрүүл мэндийн байдлын 10 орчим хувийг л хэрэг дээрээ хариуцаж байдаг нь тогтоогджээ. Энэ тоо, баримтад тулгуурлан хэлэх юм бол насанд хүрсэн хувь хүний эрүүл мэнд үндсэндээ л өөрийн нь гарт байгаа болно. Хувь хүний мэдлэг, боловсрол, нийгмийн ухамсрын шинжлэх ухаанч байдлын хэр хэмжээ, төр засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөнөөс л эцсийн дүндээ ард иргэдийн дундаж наслалт бүрэн хамаарах нь эндээс тодорхой байна.
XXI зууны эхний мэдээ, баримтуудаас үзэхэд экологийн тулгамдсан асуудал нэг бүр нь нийт хүн төрөлхтний шинжтэй, глобаль шинжтэй болжээ. Дэлхийн ерөнхий дулаарал, озоны давхрааны нимгэрэлт, цоорхой, хүчиллэг цас, бороо, цөлжилт, утаа тортог, хог хаягдлын хэмжээ, амьтны төрөл зүйлийн цөөрөлт, ногоон хүрмийн багасалт, гол мөрөн далай тэнгисийн бохирдолт зэрэгт ямар нэгэн хэмжээгээр өртөж хохироогүй амь биет, амьдрал өнөөдөр үгүй байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав