Польш, Беларусийн хил дээр мөргөлдөөн гарахад ойрхон байгааг анхааруулав
Даваа гарагт Беларусийн талаас хууль бусаар хил зөрчих гэсэн олон зуун дүрвэгчийн урсгалыг зогсоосноо Польшийн засгийн газар мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаа зориуд дүрвэгсдийн урсгал үүсгэхээ зогсоохыг Беларусийн эрх баригчдаас шаардаж, Европын Холбоо үүнийх нь хариуд Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Европын Холбооноос тавьсан хоригийн хариуд Ойрх Дорнодын дүрвэгчдийг нутгаараа дамжуулан Польш руу нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа гэж өрнөдийнхөн буруутгадаг.
Өчигдөр NATO бас дүрвэгчдийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байгаа Минскийн эрх баригчдыг буруутгасан мэдэгдэл гаргажээ.
“Манай цэрэг, цагдаагийн хүч хил зөрчих гэсэн эхний томоохон оролдлогыг зогсоож чадлаа. Дүрвэгчид одоо Кузника орчимд буудаллаад байна. Тэднийг Беларусийн хилийнхэн тогтмол хянаж байгаа. Бид нөхцөл байдал яаж ч эргэхэд бэлтгэлтэй байна ” гэж Польшийн дотоод хэргийн сайд Мариуш Камински твиттер хуудсандаа өчигдөр мэдээлсэн байна.
Польш улс хил дээрх цэрэг, цагдаагийн хүчээ нэмэгдүүлж байгааг тэр бас мэдэгджээ.