Ж.Байдены ялалтаас хойш 1 жилийн дараа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш яг нэг жил өнгөрчээ. Сонгуульд ялсан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтыг урьд хожид үзэгдээгүй их хөрөнгө оруулалтаар хийж, АНУ-ыг дэлхийн тавцанд эргүүлэн авчирна гэж амласан билээ. Гэтэл АН-ын доторх санал зөрөлдөөн, Афганистанаас Америкийн цэргийг гаргасны дараа үүссэн эмх замбараагүй байдал, холбоотнуудтайгаа зөрчилдсөн зэрэг нь амлалтаа биелүүлэхэд Байденд саад болсоор байна.
Түүний нэр хүндийн чансаа хэдэн сар дараалан уналаа. Центристүүд, консерватор үзэлтнүүд ярихдаа, Байден АН-ын зүүнийхний аяыг дагалдсаныхаа горыг амсаж байна гэж шүүмжилжээ. Хариуд нь зүүнийхэн “хэт аядуу болон консерватив үзэлтнүүд корпорациудын ашиг сонирхлыг өөгшүүлсээр байгаад Ерөнхийлөгчийн ихээхэн ирээдүйтэй төлөвлөгөөг нураасан” гэж буруушаалаа.
Гэхдээ шүүмжлэгч талууд нэг зүйл дээр санал нэг байна. Тодорхой алхмууд хийхийг сонгогчид хүсэн хүлээж байгаа учраас дахиад хэдэн сарын турш хэлэлцэж маргаж байх цаг хугацаа Цагаан ордонд үнэндээ алга.
"Асар ихээр агшиж буй Ерөнхийлөгч”
Байдены хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн гол төслүүд бол боловсрол, нийгэм, ногоон эрчим хүчний салбаруудыг дэмжихэд чиглэсэн 3,5 их наяд ам.долларын төлөвлөгөө, мөн дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж дахиад 1 их наядын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх зүйл Ерөнхийлөгчид бий. Тодорхой хэлбэл, Ардчилсан намынхан Конгресст олонх болж байгаагийн дээр уг төлөвлөгөөг иргэд дэмжиж байгаа билээ.
Гэтэл ийм том төсөл АН-ын төв ба зүүн жигүүрийнхний хоорондын тэмцлийн барьцаанд орчихжээ. Центристүүд /төвийг сахигчид, төвч үзэлтнүүд/, ялангуяа Сенатын гишүүн Кирстен Синема, Жо Манчин нар нийгмийн салбарын хэрэгцээнд төсвөөс их хэмжээний мөнгийг хариуцлагагүй байдлаар зарлагадахыг эсэргүүцэж байна.
Жо Манчин, Кирстен Синема нар
Тэгэнгүүт Байдены засаг захиргаа нийгмийн салбарын зардлыг 1,75 их наяд болгож, анхны хувилбараас 2 дахин багасгаж танаад шинээр хуулийн төсөл өргөн барьжээ. Тухайлбал, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт зарим заалтыг хассан байна. Түүнчлэн Байдены хөтөлбөрийн чухал хэсэг болох сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтыг танах аюул тулгараад байна.
Гэтэл нийгмийн хөтөлбөрөөс татгалзсан явдлыг Сенатын гишүүн Б.Сандерс, Конгрессийн гишүүн П.Жаяпал тэргүүтэй АН-ы зүүн жигүүрийнхэн шүүмжлээд эхэлжээ. Харин дэвшилтэт үзэлтнүүд ба төвч үзэлтнүүдийн аль алиных нь дэмжлэг Байденд хэрэгтэй. Учир нь, Төлөөлөгчдийн танхимд АН-ынхан ялимгүй олонх болж байгаа бол Сенатад ердөө нэг л саналаар давуу байгаа тул намынхаа бүхэл бүтэн фракцийн дуу хоолойг хайхрахгүй байж болохгүй.
Өнгөрсөн баасан гарагт Конгрессийн доод танхимын гишүүд зам болон дэд бүтцийн бусад байгууламжийг барихад зориулж 1,2 их наяд ам.доллар зарцуулах төлөвлөгөөг дэмжсэн билээ. Харин нийгмийн салбарын төслийг дараагийн сар хүртэл хойшлуулсны учир нь, центристүүдийн шаардлагын дагуу, уг хөтөлбөрөөс үүдэн татвар төлөгчдөд ирэх ачааллыг шинжээчдийн бүлгээр тооцон хянуулах аж.
Ийм маягаар Вашингтонд өрнөж буй яриа хэлэлцээ, тохиролцоо хэтэрхий их цаг хугацаа авч байгаа нь жирийн америкчуудын хувьд “юу ч хийхгүй идэвхгүй байна, эсвэл хөшигний ард утга учиргүй хуйвалдаан хийж байна” гэх хардлагыг төрүүлнэ.
Байдены өмнө тулгарсан эдгээр бэрхшээл нь гэнэтийн зүйл байлаа. Учир нь, тэрбээр бодит өөрчлөлтүүдийг хийж чадна гэж амлах үедээ Сенатад 36 жил ажилласан маань энэ бүхний баталгаа болно хэмээн хэлж байжээ. Гэтэл FiveThirtyEight цахим хуудсанд бичсэнээр бол, яг одоогоор америкчуудын дөнгөж 43 хувь нь Байдены үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Тангараг өргөх ёслолоос өмнө уг үзүүлэлт 55 хувьд хүрч байв.
Үүний сацуу, Байдены үйл ажиллагаатай бараг холбоогүй шахуу асуудлууд түүний нэр хүндийг унагасаар. Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь “мөнгөний ханш унаж буй явдалд Байдены засгийн газар буруутай” гэж хариулсан бөгөөд тэд бензиний үнэ өсөж, зарим нэр төрлийн бараа ховордож байгаад санаа зовниж байна. Гэтэл эдгээр хүндрэл нь эрчим хүчний хямрал, дэлхий дахиныг хамарсан логистикийн сүлжээн дэх саатал зэрэгтэй холбоотой билээ.
Энэ бүхэнтэй давхцаад АНУ-ын өмнөд хил дээр асар олон цагаачид бөөгнөрсөн ба хил давах гэж оролдоод саатуулагдсан хүмүүсийн тоо энэ онд түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ.
“Вашингтон Пост” сонины нийтлэлч Дэвид Игнатус дурдсан бүх шалтгааныг нэгтгэн дүгнэлт хийхдээ “асар ихээр агшиж буй Ерөнхийлөгч” хэмээн Байденыг тодорхойлжээ. Энэ бол нэгэн уран зөгнөлт киноны нэрийг хувиргасан хэллэг бөгөөд амлалт, хийхээр төлөвлөсөн шинэчлэлүүд нь ихэнхдээ цаасан дээр үлддэг удирдагчдыг ёгтолсон утгатай юм.
Олон улсын тавцанд эв дүй муутайхан эргэж ирсэн нь
Конгресст өрнөсөн маргааны улмаас Байден Глазгогийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтанд гар хоосон ирэв. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд чиглэсэн АНУ-ын төлөвлөгөөг зарлан тунхаглах ёстой байсан боловч Конгресс дахь наймаалцааны улмаас чадсангүй.
Нэгэнт хөзөргүй болсон тэрбээр В.Путин, Ши Жиньпин хоёрыг шүүмжлэхээс хэтэрсэнгүй. Мөн хорт хийн хаягдлыг бууруулахыг дэлхий дахинд уриалдаг хэрнээ олборлолтоо нэмэгдүүлэхийг ОПЕК-ээс шаардаж байх жишээтэй.
АНУ дэлхий дээр дахин манлайлагч болж чадна гэдэгт эргэлзэхэд хүргэсэн өөр бусад бүтэлгүйтлийг нэрлэж болно. Тухайлбал, атомын шумбагч хөлөг онгоц худалдан авах талаар Францтай байгуулсан гэрээгээ Австрали гэнэт цуцалсан ба үүнийг Францын эрх баригчид “ар нуруунд хутга шаасан үйлдэл” гэж үзсэн билээ.
Байден Францын ерөнхийлөгч Э.Макронтой уулзах үеэрээ дээрх шийдвэрийг эрээ цээргүй болхи үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс илүүтэйгээр НАТО-гийн холбоотнууд ба дэлхий дахиныг гонсойлгосон үйлдэл гэвэл, талибууд эрчимтэй давшиж, Кабулын Засгийн газар хүнд байдалд ороод байсан үед Америкийн цэргүүд Афганистаныг орхин гарсан явдал юм.
Зүүний нугалаа юу эсвэл корпорациудын ов мэх үү?
АН-ын нэр дэвшигч Терри Маколифф Виржиниа муж улсын захирагчийн сонгуульд ялагдсан нь Байден болон түүний намын хувьд ноцтой сануулга боллоо.
Энэ сонгууль нь АН-ын суурь үндэсний хэмжээнд ямар байна вэ гэдгийг шалгасан хамгийн эхний сорил байлаа. Сурталчилгаанд нь оролцохоор ирсэн Байден, Обама нарын дэмжлэг ч нэр дэвшигчид тус болсонгүй. Улс орны байдалд иргэд сэтгэл дундуур байгааг Маколиффын ялагдал харууллаа гэж улс төр судлаачид үзэж байна.
Энэ ялагдал бол ирэх онд болох завсрын сонгуулийн дүнгээр бүгд найрамдахчууд Конгресст олонх болох магадлалтай гэдгийг харуулж байна хэмээн зарим хүн дүгнэжээ.Гэтэл зүүнийхэн Байдены бүтэлгүйтэлд АН-ын центристүүдийг буруутгаж байна. Тодруулбал, Жо Манчин гэхэд нефть-хий ба нүүрс олборлогч компаниудаас авч буй хандивын хэмжээгээр Сенатын гишүүдийн дотор толгой цохиж байгаа бөгөөд тэрбээр энэ мөнгөний хариуг барих ёстой гэж NBC News цахим хуудсанд нийтлэлч Макс Бергер бичжээ.
“Байден Конгресст мухардалд орсон явдалд хэн нэгнийг буруутай гэж үзье, тэгвэл тэр буруутай хүмүүс бол Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хамгийн чухал хэсгийг бусниулахыг Ж.Манчин, К.Синема нарт ятган үнэмшүүлсэн корпорациудын лоббичид мөн” гэж Бергер дүгнэсэн байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС