Хил хаагдах нь бэрхшээл ч боломж болгож болно
Эрээнд ковид гарсан гэх шалтгаанаар Хятад хилээ хаагаад хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна. Дам яриа сонсох нь ээ, Бээжинд ирэх оны хоёрдугаар сард болох өвлийн олимпийг хүртэл урд хөрш маань хилээ нээхгүй чангалж цааш харах бололтой. Хэрвээ дам яриа үнэн бол энэ өвөл хил нээгдэхгүй, бусдын гар харж амь зууж ирсэн тэжээлийн хурга шиг монголчуудын хувьд өвчин зовлон хүйтэн нойтонд амаргүй даваатай нүүр тулах нь. Идэж уух, өмсөж зүүх, хэрэглээ арилжаанаас аваад бүхий зүйл нь ганцхан Замын-Үүдээр дамжиж гаднаас ирдэг Монголд өнөөдөр бүх юм ховордож эхэлж байна. Дэлгүүрийн лангуу сийрсэн байна. Мах, гурил, өргөн хэрэглээний хүнсний ногоо нь байхад эрхбиш өлбөрөөд үхчихдэггүй юм аа гэхэд өвчин тахалд нийтээрээ нэрвэгдсэн хүнд бэрх цагт дуслын шингэн, тариур тасарч байгаа нь аймшигтай.
Тарилгын эмийн үйлдвэрт дуслын шингэнээ эрхбиш өөрсдөө хийдэг юм гэсэн. Тариурын шингэн болох натри хлори давсны уусмалаа өөрсдөө хийдэг ч түүнийг савладаг гялгар уут сав баглааг гаднаас авдаг. Мөн ковид гарснаас хойших хоёр жил гаруй хугацаанд ганц баттай оношлуур ч байдаггүй, бүр сүүлдээ Эрүүл мэндийн сайд нь хүртэл хуурамч хариу гаргадаг оношлуур гаднаас оруулж ирж 1.5 тэрбумаар улсдаа шахсан гээд сууж байдаг. Хуучин тариурын үйлдвэртэй байсан, хөдөө аймаг сумдынхаа эмнэлгийг тариураар хангадаг байсан. Гэтэл өнөөдөр хаана байгаа нь мэдэгдэхгүй, эм тариур тасарлаа гэхэд хүн бүхэн өнөө үйлдвэртэйгээ санатал хэдийнэ дампуураад алга болсон байх жишээний. Ийнхүү хуучин байсан үйлдвэр аж ахуйн нэгжээ шинжлэх ухааны үндэслэл тооцоололтой улам хөгжүүлж, шинэ түвшинд гаргаж боловсронгуй болгох байтал үүд хаалгыг нь барьж бүх зүйлд бэлэнчлэх сэтгэлгээгээр явж ирснийхээ горыг өнөөдөр ясандаа тултал мэдэрч байна. Үйлдвэрлэгч орон биш, зүгээр бусдыг харж гараа хумхиж, элгээ эвхэж, харин дээр дооргүй, дарга цэрэггүй шүлсээ үсчүүлж, хий хоосон үлгэр улс төр ярьж ирснийхээ үнэн нүүр царайг монголчууд бид одоо харж байна. Бүх юмны үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Цаашид бид яах ёстой вэ гэдэг асуулт улс орны өмнө, хүн бүхний өмнө тулгарч байна.
Одоогоос яг 100 жилийн өмнө Монголын Автономит засаглал нуран унаж, тухайн үеийн сайд ноёдууд бараа таваар ховордлоо, цалин цаваггүй боллоо, амьдрах аргагүйд хүрлээ, манжтайгаа, хятадтайгаа байсан нь хамаагүй дээр байж гээд Хятадад дагаар орж, Автономит Монголыг устгахыг хүлээн зөвшөөрч байсан түүх бий. Одоо бид өмнөх шигээ “Эрээний хил нээгдэхгүй юм байна. Монгол Улс цаашид оршин тогтноход бэрхшээл тулгарлаа” гээд Хятадад дагаар оролтой нь биш дээ. Яадаг ч байсан бид туурга тусгаар улс. Тусгаар улсын ном журмын дагуу урагшлах хэрэгтэй. Гэхдээ биднийг Хятадад дагаар оруулчих гэсэн яриа мэр сэр дуулдаж л байдаг. “Өвөрлөгч нөхдүүд маань санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байна” гээд л ятгаад ч байгаа юм шиг, гайхуулаад ч байгаа юм шиг тиймэрхүү яриа гардаг. Энэ хорвоо дээр тусгаар улсын иргэн байх шиг үнэтэй хувь заяа үгүй. Тэгэхээр монголчууд минь яадаг ч байсан бүгдээрээ тэсээд гарна.
Бэрхшээлийг боломж болгох тухай бид сүүлийн 30 жил амаа цангатал ярьсан. Хил хаагдаж, гаднаасаа түгжигдсэн мэт бэрхшээлийн өмнө бүгдээрээ ирсэн ч үүнийгээ боломж гэж харах, одоо л дотооддоо улс шиг улс болон өндийх цаг минь болжээ гэж харж байгаа хүмүүс хэр олон байна вэ. Бэрхшээлийг боломж болгох, улс шиг улс болон өндийхөд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж таарна. Юуны өмнө гаалийн татварыг маш өндөр тавьж өгөх хэрэгтэй. Бүр тэнгэрт хадсан өндөр татвартай байх хэрэгтэй. Ялангуяа үнэ нь өсөөд байгаа нарийн ногооны үнийг огт буулгахгүй, яг энэ чигээр нь байлгаж гаалийн татварыг нь өндөр тогтоож өгөх шаардлагатай байна. Тэгж гэмээнэ хойтон өдийд урд хөршөөсөө огурцы, помидор, брокколи, яншуй, чинжүү царайчлаад, хоолны газрууд эдгээр ногоо байхгүй гэж урваганаж шарваганаад, нарийн ногооны худалдаачид санаанд орсон үнээ хэлж даварцгаахгүй. Манайхан хэдийнэ нарийн ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах тухай яриад Угтаалынх үнэтэй, Жаргалантынх чанартай гэх мэт шалихгүй хэрүүл л гарах байх.
Ер нь импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн нь улс орныг элгээ эвхэхэд хүргэдэг юм байна. Жишээлбэл, нарийн ногоо юмуу, чихэр жимс хүнсний өөр ямар бүтээгдэхүүн байна импортын татваргүй шахам орж ирээд манай жижиг зах зээлд ноёлж, хаанчилж байдаг. Харин тэр бүхний татварыг тэнгэрт хадтал нь өндөр тавиад Монголдоо бүтээх, үйлдвэрлэхийг бид хийж хэрэгжүүлэх цаг нь болсон. Нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн бүхнээ одоо Монголдоо үйлдвэрлэе. “Монгол Улс үйлдвэрлэгч орон болно” гэдэг үг үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын ард түмний тархийг угаасан, монголчуудаа басамжлан доромжилсон худлаа лоозон болсоор ирсэн. Үүнийг одоо бодит ажил болгоцгооё. Аль юм болгон бид нэгнээ хуурч, өөрсдийгөө хуурч, улс орныхоо хувь заяаг огтхон боддоггүй, зөвхөн хар амиа хичээж явах юм бэ.
“Бид дуслын шингэнээ, нэг удаагийн тариураа хийж байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэн улс оронд баялаг үйлдвэрлэх гээд зүтгэж байна. Дуслын шингэний гялгар уутыг ч хийх боломж байгаа. Гэвч судалгаа шинжилгээний үр дүнг технологи дамжуулах хоолой руу оруулж байж бид үйлдвэрлэгч болно. Харин эрдэмтдийн судалгааны бүтээл зүгээр цаасан дээр бичигдээд архивлагдаж байна. Төрийн бодлого тасалдаж байна. Эрх баригчид технологи үйлдвэрлэх улс оронд хэрэгтэй зүйл гэдгийг бодохгүй, өөрт ямар ашигтай, би эндээс юу хожих вэ гэдгээ л бодож байна. Хэрвээ өөрт нь ашиггүй бол улс оронд хичнээн хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч тухайн ажлыг шууд хаядаг. Үүний үнэн байдал өнөөдөр дуслын шингэнээ савлачих баглаагүй л сууж байна” гэж Анагаахын хүрээлэнгийн эрдэмтэн Д.Энх-Амгалан хэлж байна. Тэрээр эм гаргаж байгаа Моносын хүрээлэн, уламжлалтын бүх эмийг судалж технологид нэвтрүүлж байгаа газар, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн мэргэжлийн лаборатори гээд том том хүрээлэнгүүдийг түшиглэн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэж хэлсэн.
Мөн хавдрын эсийг 47 хувь сааруулах үйлчилгээтэй эмийг мэргэжлийн судлаачид тогтоочихоод байхад төр засгийнхан тоохгүй байхад эрүүл мэндийн салбар манайд яаж ч хөгжих юм бэ гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Тэгвэл ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод хүнсний зүйлээ бид гаднаас авахгүй, дотооддоо үйлдвэрлэгч орон байх бүрэн боломжтой. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол химийн аж үйлдвэрийн суурь тавигдана.
Тэгвэл сав баглаа боодол бүхнийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Цагаан будаа Монголд тарих боломж бий. Хуурай газарт тарьдаг цагаан будааны сортууд гараад ирчихсэн. Халх голын бүс нутаг цагаан будаа тарихад боломжтой бүс нутаг гэдгийг гадны эрдэмтэд судлаад тогтоочихсон юм шүү. Техник технологийн салбарын тухайд бол Монголд ойрын хугацаанд хэцүү. Машины үйлдвэр байгуулаад манайд ашиггүй.
Харин хүнсний бүтээгдэхүүнээ бид гаднаас авахгүй байх боломжтой. Хийжүүлсэн ундаа зэргийг бид үйлдвэрлэхэд бэлэн. Чихэр боовны үйлдвэр гэж хуучин байлаа. Шоколад, кокао гэх хоёр зүйлийг гаднаас авч магад, түүнээс бусдыг нь бид хийх боломжтой” гэдгийг мөн хэлж байна. Тэрээр 2050 он гэж холыг харах нь зөв ч тав таван жилийн тооцоололтой явах хэрэгтэй. Хэн, юу хийж чадах нь уугээд бужигнуулаад, дараа нь хэн хэнтэйгээ хамтарч чадах нь уу гэдгийг хараад, төрөөс бодлогоор дэмжээд татаасыг нь өгөөд эхэлбэл хүнсээ хангадаг үйлдвэрлэгч орон болоод эхэлнэ гэдгийг баттай хэлсэн юм.
Манайд дөрвөн улирлын хүлэмжийг доод тал нь 30, дээд тал нь 100 га-д хийх бүрэн бололцоотойг эрдэмтэд судалгаатай хэлдэг. 1976-1980 оны хооронд Дэвшилийн хүлэмж, Эрдэнэтийн Улаан толгойн хүлэмж гээд арваад га-гийн хүлэмжийн аж ахуй эрхлээд Эрдэнэтэд огурцы, помидорын илүүдэл болж Улаан-Үд, Эрхүүд гаргаж байсан гэдэг. “Эрдэнэт уурхайн дэд бүтэц, туслах аж ахуйнуудыг түшиглэн, мөн 620 ажилтантай механик цехийг түшиглэн хүлэмжийн аж ахуй бий болгоё. Тэнд мөн ган хайлуулдаг үйлдвэр бий. Хүлэмжинд ногоогоо тариад, мах комбинат, ноос ноолуур, хивсний үйлдвэрээ ажиллуулаад, гангийнхаа үйлдвэрт бага оврын трактор угсраад явах бүх тооцоолол нь гарчихсан. Засгийн газрын тогтоол хүртэл гарсан. Гэвч өнөөг хүртэл энэ төсөл хэрэгжихгүй, төр засгийн зүгээс хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ” гэдгийг ХААИС-ийн багш Батдэлгэр сүүлийн хэдэн жил хөөцөлдөөд гайхширал тасраад сууж байна.
Монголчууд бид идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүхнээ өөрсдөө хийх бүрэн бололцоотой нь хүмүүсийн хэлсэн үг, үй түмэн жишээ баримтаас харагдаж байна. Үйлдвэрлэгч орон болоход ердөө ганцхан юм л байгааг эрдэмтэд, бизнесмэнүүд, энгийн иргэд шууд хэлдэг. Эрх баригчид шунаг шунахай зангаа татаж, өөрсдийгөө биш улс орноо бодсон шийдвэр гаргах. Ердөө л энэ. Ах дүү, найз нөхөд, нутаг нуга, жалга довоороо нийлж улсаа цөлмөж, өөрт ашиггүй л бол өнгөтэй өөдтэй бүхний “амийг тасдаж” хорлодгоо болих хэрэгтэй.
Сүүлд нь хэлэхэд, хил хаахад хожсон хүмүүс Монголд бас байна. Төмс нарийн ногоочид хожиж, хураасан ургац нь өмнөх жилүүдээс харьцангуй үнэтэй гүйлгээ сайтай байна гэцгээж байна. Тэд “Өмнө нь ийм их төмс ногоог гаднаас оруулж ирдэг байж” хэмээн гайхацгааж байсан. Хэрвээ хил хаалтгүй байсан бол ногоочид дор бүрнээ хэдэн төгрөгтэй болж магнай тэнийхгүй төмс, ногоо нь үнэд хүрэхгүй байх байлаа. Дөрөв тавхан ченж хятадуудтай нийлж гаднаас төмс оруулж ирээд Хятадын хэдэн ногоочид баяжиж, манайхан дампуурцгаадаг энэ жишиг өнөө жил хил хаасны буянаар таслагдлаа. Тэгэхээр хил хаагдсан нь бэрхшээл мөн ч ногоочид шиг олон хүмүүст боломж болж ирж байна. Тасалдсан бараа болгоныг бүртгээд, тэр бүрийг хийж эхэлбэл ямар их боломж хөдөлмөрийн зах зээл байгааг бид одоо л ухаарч харж эхэлж байна. Хамгийн гол нь биднийг дотооддоо үйлдвэрлэгч орон болж, бусдаас хараат бус тусгаар улс шиг байхыг сануулж байна. Дээрээс нь би үүнийг хийж чадна гэсэн бодлыг монгол хүн бүрийн тархинд суулгаж өгөх нь, бас дэмжиж тусалж өгөх нь эрх баригчдын заавал хийх ёстой ажил болж байна.