Ц.Элбэгдорж: МАН хүүхдийн хадгаламжийг хулгайлаад, дараа нь эргүүлж өгөх юм гэнэ, улс удирдаж сураагүй байна
Өнөөдөр АН-ын ОНЦ их хурал зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
"МАН сонгуульд ялж сурсан байна. Гэхдээ Монгол Улсыг ардчилсан аргаар удирдаж сураагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу улс орныг авч явж чадахгүй байна.
Ялж сурсан байгааг СХД-ийн нөхөн сонгуулиас харлаа. Тэнд ерөөсөө сонгууль болоогүй. СХД-ийн сонгогчид тэр сонгуулийн хүлээн зөвшөөрөөгүй. Талаас илүү хувь нь тэр сонгуульд ирээгүй. Хоёр удаа сонгууль хийгээд дуудаад байхад ирээгүй. Энэ юуг харуулж байна вэ гэвэл. Өнөөдрийнх шиг сонгууль, өнөөдрийнх шиг эрх баригчдыг Монголын ард түмэн хүлээж авахгүй гэдгийг харуулсан.
МАН-ыг та нар харж байгаа. Улс орон авч явах гэж алиагаа алдаж байна. Төсөв хэлэлцэж байна. Тэнд манай УИХ-ын гишүүд сануулаад ч барахгүй байна. Нөгөө “Ирээдүй өв сан”-гийн мөнгө. Бид нар Монголын ард түмэнд Монголын төр засаг тангараг тавьж байгаад ямар ч үед 2030 он хүртэл энэ мөнгөнд гар хүрэхгүй гэсэн шүү дээ. Энэ бол Монголын хүүхдүүдийн хадгаламж байхгүй юу. Монгол Улс хүүхдийнхээ хадгаламжаас хулгайлж хүүхдэдээ мөнгө өгнө гэж юу байсан юм. Ийм үлгэр ярихаа боль. Ийм байдлаар улс орныг авч явна гэж юу байсан юм.
Энэ зогсох ёстой. Энэ хуулийг би санаачилж оруулж байсан. Гэтэл өнөөдөр хүүхдийнхээ хадгаламжийг хулгайлаад эргүүлж хүүхдэдээ мөнгө өгөх юм гэнэ. Ийм байдлаар төсөв өө шийдэх юм. Уг нь гурван их наяд төгрөг бүрдэн боломжтой. 2,8 их наядын хадгаламж бүрдээд явж байгаа." гэв.