Зайон Уильямсон бол Леброноос хойших хамгийн их анхаарал татсан дунд сургуулийн сурагч-сагсан бөмбөгч, Д.Роузаас хойших хамгийн алдартай драфтын тэргүүн. Мөн М.Оловокандигаас хойших хамгийн хүнд жинтэй драфтын тэргүүн тоглогч билээ. Солсбери хэмээх жижиг хотын залууг “Пеликанс” багийн төдийгүй NBA-ийн хувь заяаг өөрчилнө хэмээн төсөөлж байв. Гэтэл өдгөө тэрбээр Г.Оденоос хойших лигийн хамгийн “шилэн” тоглогч болоод байна.
150 КГ
З.Уильямсон болон Г.Одений замналд одоогоор адил төстэй зүйл их бий. Хоёул драфтын тэргүүн, хоёул дунд сургуульдаа давамгай тоглож байв. Грег NBA-ийн эхний улирлаа бүтэн өнжсөн бол Зайон эхний гурван сардаа тоглоогүй. Гэхдээ хамгийн гол нь гэмтлээ эдгээх тал дээр хоёул хайхрамжгүй ханддаг нь төстэй байгаа юм. Үүнийхээ улмаас Г.Оден “Портлэнд”-ийн төлөө ганц бүтэн улирал тоглосон. Хэрэв жингээ хасахгүй бол энэ харамсалтай түүхийг нь Зайон давтаж магадгүй. З.Уильямсон NBA-ийн эхний улиралдаа тоглохын өмнөх зун 150 кг жинтэй байсан агаад эхний тоглолтдоо оролцохдоо 140 кг жинтэй байв. Өнгөрсөн улирлыг тэрбээр 130 кг жинтэй эхлүүлсэн ч долдугаар сард Орландо дахь “баббл”-д ирэхдээ 14 кг нэмсэн байлаа. Мэргэжлийн тамирчны хувьд энэ бол байж боломгүй, хүлээн зөвшөөршгүй жин билээ.
Х.Олажювон, П.Юинг, Д.Робинсон зэрэг агуу төвийн тоглогчид зодог тайлах хүртлээ формоо маш сайн хадгалж байсныг санах хэрэгтэй. Чухам тэдэн шиг биедээ “ариг гамтай” хандах сахилга бат, дэглэм З.Уильямсонд дутагдаж байгаа юм.
Гэхдээ түүнд супер од болох нөөц боломж үгүй гэж хэлэх нь яарсан хэрэг болно. NBA-ийн түүхэнд ердөө 94 тоглогч хоёр дахь улиралдаа дунджаар 20-иос их оноо авч байсан. Тэгвэл Зайон өнгөрсөн улиралд дунджаар 27 оноо авч, лигийн мэргэн буучдын жагсаалтад наймдугаарт бичигдсэнийг мартаж болохгүй.
БЛЭЙК ГРИФФИНИЙ ЗАМНАЛ
Энэ бүхнийг бодож үзвэл Зайоныг “Оддын тоглолт”-д зургаан удаа оролцож байсан Б.Гриффинтэй харьцуулахаас өөр аргагүй болж ирнэ. Хоёул гайхалтай данк, үсрэлтээрээ дэлхий дахиныг байлдан дагуулсан. Тэдэн шиг өндөр, хүнд жинтэй тоглогчид ингэж супер данк хийж байсан нь бараг үгүй.
Үүнээс ч шалтгаалсан уу, хоёул адилхан гэмтэл авсан. Асар өндөр үсэрч тохдог тамирчдын өвдөг нь хамгийн түрүүнд “хэлмэгддэг”. Зайон 2019 онд өвдгөө гэмтээж байсан. Хэрэв жингээ хасахгүй бол байнга гэмтэх магадлалтай. Эхний хоёр улиралдаа тэрбээр “Пеликанс”-ын нийт тоглолтын ердөө 59 хувьд оролцсон нь багийн лидерийн хувьд чамлахаар тоо.
Түүний талаар нэрт тоглогч асан, өдгөө TNT сувгийн тоймч, цагтаа жингийн асуудалд орж байсан Ч.Баркли “Хэрэв тэр 130 орчим кг жинтэй байвал багтаа хувь нэмэр оруулж чадна. Үгүй бол тэр үүрд гэмтэлтэй тоглогчдын жагсаалтад байх болно. Би ч цагтаа 132 кг жинтэй тоглож байсан. Гэхдээ аажимдаа 113 кг болж турсан. Би амттан, түргэн хоол, хийжүүлсэн ундаанаас татгалзсаны ачаар замналаа олон жилээр уртасгаж чадсан. Тиймээс Зайон багийн удирдлага, эмч, мэргэжилтэнтэй ярилцаж, жин нь чухам хэдэн кг байхад тэсрэлт, хүчээ хамгийн сайнаар гаргаж чадахаа шийдэх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.
Хөлөндөө мэс засал хийлгэсний улмаас Зайон шинэ улирал эхэлснээс хойш нэг ч тоглолтод оролцоогүй байна. Энэ хугацаанд баг нь эхний долоон тоглолтынхоо зургаад нь ялагдаад буй.