Хятадын теннисийн од Пен Шуай Коммунист намын удирдагчид хүчирхийлүүлснээ дэлгэжээ
БНХАУ-аас төрөн гарсан теннисийн спортын дэлхийд алдартай од болсон тамирчин Пен Шуай #metoo хөдөлгөөнд нэгдэж, өөрт тохиолдсон бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар олонд дэлгэжээ. Тэрээр 10 гаруй жилийн өмнө Хятадын Коммунист намын өндөр дээд албан тушаалтай, нөлөө бүхий эрхэмд хүчирхийлүүлсэн тухайгаа Weibo цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Пен Шуай энэ тухайгаа 1,600 үг бүхий урт нийтлэл болгон дэлгэжээ. Түүний хэлснээр Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд байсан Жан Гаоли гэртээ авчран хүчээр дотно харилцаанд орсон байна. Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын улс төрийн өндөр дээд албан тушаалтан бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргийн тухай анх удаа олон нийтэд мэдээлэл цацагдаж буй явдал юм.
Жан Гаоли нь 2013-2018 оны хооронд Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд Хятадын дарга Си Зиньпиний ойрын хүрээллийн эрхэм ажээ. Пен Шуай теннис тоглохоор Жан Гаолийн гэрт уригдан очсон байжээ. Гэрт нь очсон өдөртөө тамирчин бэлгийн хүчирхийлэлд өртөж, зогсолтгүй уйлсаар байсан байна. Харамсалтай нь теннисийн спортын тамирчинд 10 гаруй жилийн өмнө болсон явдлын дараа ямар ч нотлох баримт үлдээгүй гэжээ.
Эд амжилтынхаа үед Пен Шуай 2013 онд Вимбледоны аварга, 2014 онд Роланд Гарросоос цом авч Гранд Сламын хоёр удаагийн цомтой болсон юм. Харин өдгөө 75 настай Жан Гаоли эрхэм Коммунист намын Улс төрийн хорооны долоон гишүүний нэг байсан бөгөөд 2018 онд тэтгэвэртээ гарчээ.
Эх сурвалж: BBC, CNN