А.Баатархуяг: АН-ын арчаагүй байдал өөрсдөөс нь л болсон...
Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.
Сайн байна уу? Энэ оны 3-р сард ярилцах үед та: " Одоо Х.Баттулга ганцаараа арал дээр байгаа ёрдойсон мод шиг энэ бүх эрх мэдлийн төвлөрлийн эсрэг зогсоод үлдлээ. Энэ мод нурчихвал Монголд дарангуйллын систем тогтоход бэлэн байна." гэж байсан. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялчихлаа. Монголд одоо дарангуйллын систем тогтож байна гэж ойлгож болох уу?
Одоо хар л даа. Нэг нам бүх эрхийг үнэмлэхүй авсан байна. Сөрөг хүчин алга. Гэтэл нийгэмд үг хэлэх, хэвлэн нийтлэхийн төлөөх тэмцэл, шүүмжлэл өрнөж байна. Энэ бол улс оронд ямар нэгэн байдлаар ардчиллын зарим нэг хэлбэрүүд алга болж байгаагийн шинж. Юуны өмнө хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө л хадгалж үлдэх ёстой. Учир нь ардчилал хүний эрх дээр тогтож байгаа. Сөрөг хүчин байхгүй байна гэдэг нь муу ёр шүү дээ. Ардчилсан Нам сайн муу гэдэгтээ биш энэ улсад тэнцвэртэй улс төрийн хүчнүүд байсан цагт ардчилал ямар нэгэн байдлаар цаашдаа баталгаатай оршин тогтоно гэсэн үг. Ардчилсан Намын өнөөдрийн унхиагүй байдал ард түмэн эсвэл МАН-аас болсон гэхээс илүүтэйгээр өөрсдөөсөө болж ийм байдалд орсон гэж хэлэгдэхээр байна. 30 жилийн өмнө гардан хийсэн хүн нь саяхан болж өнгөрсөн УИХ-ын нөхөн сонгуульд 3-аар орж байна гэдэг бол ерөнхийдөө ардчилсан хувьсгалын үнэлэмж буурчихжээ гэсэн үг.
Улс төрчид, судлаачид Монголд маш том нэг намтай, түүний шууд хяналтад байдаг жижиг дагуул намуудтай болох нөхцөл байдал үүсч байна гэж ярих болсон. УИХ-ын нөхөн сонгуулийн дараа зарим намын удирдлагууд "Манай нам одоо 2-р байранд байдаг нам боллоо." ч гэж ярьж байх шиг...
Харин би тэгээд ёжлоогүй юу? Өмнө нь манай нам яллаа гэж зарладаг байсан бол одоо манай нам хоёрт орлоо гэж баярладаг болсон байна шүү дээ. Тэгэхээр тэр нам хэзээ ч нэгдүгээрт орохгүй гэсэн үг үү? Хоёрдугаарт, улс төрийн намууд эрх барьж байгаа намын тоглоом болж байгаа нь үнэн болчихлоо. Яагаад гэвэл хамгийн хүчтэй сөрөг хүчнийхээ араас бусад намуудаа дэвшүүлж санал хуваах байдлаар нэг намын үнэмлэхүй ноёрхол тогтдог системд орчихлоо.
Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл гэж байдаг юм. Дээрээсээ 4 дэхь эрэмбийн албан тушаалтан толгойлдог. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр Хятад нийтдээ 8 намтай. Хятадын Коммунист нам удирдаад бусад нам нь дагуул маягаар ардчиллын үзүүлэн болж явдаг. Монгол ийм систем рүү л орж байна шүү дээ. МАН-аас бусад намууд үнэхээр ирээдүйгүй болчихлоо. Залуучууд МАН руу хошуурч байна. Нам бол улс орныг боловсон хүчнээр хангах гол үүрэгтэй. Тэгэхээр гол боловсон хүчний нөөц нь нэг намруу төвлөрөөд орох юм бол бусад намуудад ирээдүй байхгүй шахуу болчихсон гэсэн үг. Ардчилсан Нам хувьсгалын лидерүүдээрээ их удаан явсан боловч 30 жилийн дараа эргээд харахад тэд нь хувьсгалтайгаа дууссан байдал руу орчихлоо. Тэгэхээр ардчилал гэдэг нь хувьсгал биш гэдгийг ард түмэн ойлгохоосоо өмнө дахиад нэг намын систем рүүгээ гулсаад орчихлоо.
Энэ бол томоохон гажуудал мөн. Аун Сан Су Чигийн хэлсэнчилэн дүр эсгэсэн ардчилал.
Энэ нөхцөл байдлаас гарах эсвэл засах боломж хир байгаа вэ?
Нилээн томоохон засвар шаардах байх гэж би бодож байна. Одоогийн байдлаар ард түмэн янз бүрийн байдлаар эсэргүүцэл илэрхийлж байгаа. Мэдээж Засгийн Газартай хариуцлага тооцох тухай яригдаж байгаа ч ковидын нөхцөл байдал шал өөр шинэ дэлхий ертөнцийг үүсгэчихлээ. Үндсэндээ манайх хоригт орсон улс шиг болчихлоо шүү дээ. Хоёр хөрштэйгээ харьцдаг гол боомтууд нь хаагдсан байдалтай болчихлоо. Нисэх онгоцоор явдаг харилцаа нь хязгаарлагдмал болчихлоо. Хүлээн авах байдал нь ч мөн адил. Ингээд Монгол Улс үндсэндээ арал болоод үлдчихлээ. Ийм нөхцөлд бид нар цаашдаа яах вэ гэдэг бол асуудал мөн. Нэг талд тоталитар дэглэм, нөгөө талд авторитар дэглэмтэй дэлхийн хоёр супер гүрэн бид нарыг хашчихсан байна. Гуравдагч хөрш орнууд бол ковидын нөхцөл байдлын улмаас гадаад бүү хэл дотооддоо яах вэ гэсэн нөхцөл рүү орчихсон. Ийм нөхцөлд бид нар яах ёстой вэ гэдгээ сайтар бодохгүй бол улс төрийн систем ардчиллаасаа ухрах талруугаа ороод ирлээ.
Үүнийг би системийн хувьд хэлж байгаа болохоос биш хувь хүн тийм ийм гэж ярьсангүй.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ маш муу ажиллаж байгаа тул огцруулах хэрэгтэй гэх буюу эсвэл "Оюутолгойн гэрээг шинэчлэх гэж буй энэ эгзэгтэй цаг үед Засгийн Газраа дэмжих ёстой" гэсэн эрс тэс хоёр өөр байр суурь нийгэмд байна. Таны хувьд?
Тэгээд Л.Оюун-Эрдэнийг солиод яана гэж? гэдэг асуултыг хүмүүс хамгийн их тавьж байна. Нэгдүгээрт, одоохондоо энэ цар тахалтай үед тогтвортой ажиллах Засгийн Газар хэрэгтэй байна гэдэг тал дээр байгаа. Хоёрдугаарт, энэ Засгийн газрыг тогтоож байгаа хоёр хүчин зүйл байна гэж би харж байгаа юм. Энэ нь нэгдүгээрт, Оюу Толгойн гэрээний талаар “Рио Тинто”-той хийж байгаа хэлэлцээр дээр амжилттай яваа учраас энэ амжилтыг бид нар бататгах ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн Газар энэ гэрээг амжилттай болгохын тулд тууштай ажиллах ёстой гэдэг нэг байр суурь байна. Энэ гэрээ цаашдаа яаж шийдэгдэхээс шалтгаалан Монголын эдийн засгийн өсөлт хөгжил хамаарах учиртай. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний удирдсан Засгийн Газрыг унагаачихлаа гэхэд дараа нь хэний удирдсан Засгийн газар гарч ирэх вэ?
Үндэстэн дамнасан компаниуд, түүнтэй холбоотой янз бүрийн хэрүүлд ороод байгаа Сү.Батболд болон түүнийг тойрсон нөлөөллийн хүмүүс, ялангуяа Оюу Толгойн гэрээг Монголд ашиггүй байдлаар байгуулж байсан, үргэлжлүүлж байсан хүмүүс засгийн эрхийг авах юм бол Монголд гялайж гялтайх юм үлдэхгүй болохоор байна.
Энэ хоёр хүчин зүйл л Засгийн Газрыг тогтоож байгаа. Үндсэндээ эвслийн Засгийн Газар байгуулагдах үндэслэл алга.Сөрөг хүчин дампуурчихлаа. Ийм нөхцөлд МАН доторх л хүчний сэлгээ явагдана. Гэтэл МАН дотор хүчний сэлгээг бий болгох нь өөрөө Монголын улс төр, эдийн засаг, Монголын ирээдүйд ашиггүй байгаа учраас энэ Засгийн Газар сайн муу эсэхээс үл хамаарч цаашдаа үргэлжлүүлж ажиллахаас өөр аргагүй болчихоод байна.
Хоёр хуваагдсан АН УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр нэгдэж байна гэж зарлаж байсан ч одоо бол нэгдэх нь бүү хэл УИХ дахь бүлэг нь хүртэл хуваагдаж байх шиг байна. Ер нь АН ямар нэг аргаар заавал нэгдсэн нь дээр үү? эсвэл тусдаа хоёр нам болчих хэрэгтэй юу?
Би намуудын том жижгийг сонгогчдын өгч байгаа саналаар үнэлдэг. Саяхан болсон УИХ-ын нөхөн сонгуулийн амжилтаар үзвэл Ардчилсан Нам хоёр дахь нам мөн юм уу гэдэг асуулт гарч ирж байна. Ер нь Ардчилсан нам гэж байхгүй болчихож. Монголд ерөнхийдөө хувьсгалийн шинжтэй нөхцөл байдал үүсчихлээ л дээ. Байнгын дотоод хямралууд үргэлжилж байдаг. Бензин шатахуун, түлшний, дулаан эрчим хүчний хомсдол гэх мэт нөхцлүүд байнга үүсэж байна. Хэрвээ ийм үед олон нийтийг зангидаад явах хүчтэй, зохион байгуулалттай нам байсан бол өдийд бараг хувьсгал гарах түвшинд хүрч байна шүү дээ. Гэвч тийм хүчин үгүй тул задгай, ганцаарчилсан хүмүүсийн тэмцэл болж хувирчихаад байна.Өөрөөр хэлбэл ямар нэгэн чиглэсэн зорилготой, үр дүнтэй хувьсгалын үйл хэрэг биш, зөвхөн нийгмийн хямрал өрнөж байна.
Тэгэхээр Монголд хоёр дахь нам гэсэн ойлголт байхгүй болчихжээ. Бид хоёрт орлоо гэж огт өөр нам зарлаж байна гэдэг нь хоёр дахь, гурав дахь хүчин гэж байхгүй, МАН гэсэн үнэмлэхүй нэг л нам байна гэсэн үг.
Ардчилсан Нам хэдийгээр УИХ-ын 2020 оны сонгуулиар 11 суудалтай болсон боловч дотооддоо хагаралтай болчихлоо. УИХ-ын эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэн багассан. Бүх асуудал эрх баригч нам дээр шийдэгддэг болсон. Өөрөөр хэлбэл парламентаас Засгийн Газрын үйл ажиллагааг хянах эсвэл Засгийн газрыг огцруулах боломж нь илэрхий багассан. Тийм учраас асуудлыг нам нь шийддэг болоод хувирчихсан. Ийм нөхцөлд аль ч нам хүчирхэг байх ёстой болдог. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа нам хэт хүчирхэг болсон. Тэгэхээр энэ бол үнэмлэхүй нэг намын авторитар маягийн дарангуйллын шинжтэй дэглэм. Гэхдээ энэ нь дарангуйлалд орсон гэсэн үг биш. Эрх баригч намын доторх фракц, тэмцэл нь өөрөө Монголын улс төрийг тодорхойлно уу гэхээс биш бусад улс төрийн намууд үүнийг тодорхойлох ямар ч нөхцөлгүй болчихлоо. Монголд 30 гаруй нам байна. Эдгээр намуудаас хэн нь ч ард түмнийг нэгтгэн зохион байгуулж, дайчлах чадвар байхгүй. Тиймээс МАН-аас бусад намыг том, жижиг нам гэж ялгах ямар ч шаардлаггүй.
Одоогоор манайд зохион байгуулалттайгаар олон нийтийг дайчлах чадвартай нам ганцхан МАН л болчихлоо. Энэ чинь өөрөө гажуудсан сисемийг бий болгочихоод байна шүү дээ. Нийгмийн хямралт байдлыг гэтлэн давах буюу авилгал хээл хахууль, түүнээс улбаатай ялзралыг системээр нь цэвэрлэх зорилготой хөдөлгөөн, фронт гарч ирвэл тэр нь л сөрөг хүчин болох боломжтой. Өөр боломж энэ улсад харагдахгүй байна. Тэгэхээр Ардчилсан Намд найдлага тавилаа ч гэсэн энэ нь боломжгүй юм байна гэдгийг УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр харлаа. Ардчилсан Нам хамгийн сайн нэр дэвшигчийг дэвшүүлээд, хуурамч боловч нэгдэл зохион байгуулаад УИХ-ын нөхөн сонгуульд орсны дараа байж байгаа нөхцөл байдал нь даанч дур гутмаар...
Ярилцлагын төгсгөлд энэ сэдэвтэй холбоотой миний асуугаагүй, танд нэмж хэлэх зүйл байна уу?
Өнөөдрийн цаг үед Монголчууд эрх, эрх чөлөөгөө яаж хангах ёстой вэ? гэдэг том асуудал болчихоод байна. Хамгийн том бэрхшээл нь эдийн засаг. Жишээлбэл бид нар өмнө нь Оюу толгойн хэлэлцээр дээр яагаад амжилт олдоггүй байсан вэ? гэхээр олон нам, фракцууд гарч ирдэг, тэд нь хагаралдаад “Рио Тинто”-д ялагддаг байсан.Харин өнөөдөр нэг нам ямар нэгэн байдлаар хүчтэй ажиллаад эхлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээр хийж чадаж байна.
Гэхдээ энэ томоохон хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээр нь ардчилал, нийгмийн баялгийн шударга хувиарлалт, улс орны хөгжил дэвшлийн төлөө үйлчилж чадах уу гэдэг асуудал бас бий. Өнөөдөр улс орны эдийн засаг хүнд байгаа. 100 гаруй мянган аж ахуйн нэгжээс 40% нь дампуурчихаад байна.
Төсөв уул уурхайн экспортоос бүрдэж байна. Тодруулбал нүүрс, зэсийн компаниуд л байгаа. Гэтэл энэ компаниуд бүгд улсын мэдлийнх. Чөлөөт эдийн засагтай орнуудад компаниуд, хувийн хэвшлийг дэмжиж, түүнээс авсан татвараар санхүүжиж байж улс явдаг. Тиймээс тэд нар татвараа хянадаг, энгийн иргэний хяналт тавигддаг.
Үүнийг нь төлөөлж улс төрийн хүчнүүд дуугардаг.
Гэтэл манайд улсын компаниас экспортын орлогоо аваад төсвөө бүрдүүлээд харин жижиг дунд үйлдвэрлэл, хувийн компаниудыг огт тоохгүй хаячихаад байна.
Үүнийг чөлөөт зах зээлийн эдийн засаг гэхэд туйлын хүнд. Манайх худалдааны голдуу компанитай улс. Гадаад худалдаа зогссоноор худалдааны компаниуд асар олноороо сүйрчихлээ.
Энэ бол дөнгөж зах зээлийн системд үүсэж байсан цучилыг унтраасантай адилхан. Тэгэхээр энэ нэг намтай, улсын хэвшил давамгайлсан, цагдаажсан ийм улсыг алсдаа тоталитар юм уу? авторитар дэглэм рүү гулсахгүй гэсэн баталгаагүй болчихоод байна. Үүнд ялангуяа сөрөг хүчний болон улс төрийн салбарт ажиллаж байсан хүмүүс туйлын хариуцлагагүй хандсанаас болоод нэр хүндээ алдаж, гажуудал завхрал үүсчихсэн болохоор цаашдааардчилсан дэглэм үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдахдаа тулах нь.
Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчлөхдөө тулах юм уу? Эсвэл хувьсгалтай тулах юм уу? Энэ хямрал ингэж явсаар нийтийг хамарсан том депресс, улсын санхүүгийн дампуурал руу хүргэчих юм болов уу гэсэн айдсаас болоод хүмүүс биеэ барьсан байдалтай л байгаад байна. Өнөөдөр бодит байдал дээр эдийн засгийн утгаараа ч, улс төрийн утгаараа ч Монголд ардчилал тэр чигээрээ оршин тогтнож байна гэж хэлэхэд туйлын хэцүү болчихлоо. Ардчилал бол манай ард түмний үнэт зүйл мөн. Гэхдээ Монголчууд ардчиллыг байгуулахын төлөө 2000 жилийн түүх туулаагүй. Ардчилал 200 жилийн түүхтэй. Гэхдээ ардчилал бол Монгол хүн бүрт хэрэгтэй учраас манай үнэт зүйлийн нэг байх ёстой.
Энэ улсыг цаашид оршин тогтнох, дэвжин дээшлэхэд ардчилал хэрэгтэй учраас л бид ашиглаж байгаа юм. Тэгэхээр энэ үнэт зүйл маань байгаасай л гэж залбирч байна. Цаашдаа ямархуу байдлаар асуудал өрнөхийг би үнэндээ таахгүй, бурхан ч таахгүй байгаа байх…
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье