Ц.Жаргалсайхан: Намайг гэрийн гаднаас хууль зөрчиж баривчлахад “Бид зөв зүйлийн төлөө дуугарч байгаа юм байна” гэж ойлгосон
Хууль хүн бүрд тэгш үйлчлэхийг шаардсан “No double standart” залуусын хөдөлгөөн өрнөж эхлээд сар гаруй болж байна. Хөдөлгөөнийг зохион байгуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдан хорьсон ч дэмжигч залуус үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсээр байгаа юм. Тэдний нэг Ц.Жаргалсайхан найзын хамтаар өнгөрсөн сарын 28-нд Сүхбаатарын талбайд залуусаа дэмжихээр очжээ. Харин маргааш нь гэрийнх нь гаднаас цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Ингэхдээ цагдаа нар байрнаас гарч ирсэн гэмгүй иргэнийг ч хоморголон авч явсан асуудал олны анхааралд өртсөн. Энэ талаар Ц.Жаргалсайхантай ярилцлаа.
-Цагдаагийн ажилтнууд та нарыг гэрийнх нь үүднээс саатууллаа гэсэн. Гарч ирэхийг тань хүлээж байсан хэрэг үү, эсвэл та хоёр анхаарлыг нь татсан ноцтой үйлдэл гаргасан юм уу?
-Тэр өдрийн өглөө би найзыгаа дуудсан юм. Найз маань машинтайгаа ирж, хоёулаа хувийн ажил амжуулахаар манайхаас гарч явсан.
Гэтэл байрны үүдэнд цагдаагийн хоёр ажилтан тосч ирээд шалгаж эхэлсэн. Тухайн үед найз маань нэг хоосон хайрцаг барьчихсан явсан. Цагдаа тэр хайрцгийг нь заагаад “Юу байгаа юм” гэж эхлээд бичиг баримт, машиныг нь шалгах болоод явчихсан. Ингээд тээшээ шалгуул гэсэн. Машины тээшинд урьд өдөр нь бид хоёр Сүхбаатарын талбай дээрх жагсаал дээр очихдоо барьж явсан ганц, хоёр жижиг самбар байсан юм. Цагдаа нар түүнийг хараад л шууд “Хэлтэс рүү дагаад яв. Тэнд очоод тодорхой болгоно” гээд машинд нь суухыг шаардсан. Өөр ямар нэгэн тайлбар хэлээгүй. “Тушаалын дагуу явж байна” гэсэн. Биднийг гарч ирэхэд л хүлээж байсан өнгө аястай байсныг харахад найзыг маань араас нь дагаж ирсэн гэж хардахаар байсан шүү.
-Машины тээшинд байсан самбар дээрх үгс ямар утгатай байсан юм. Тийм ноцтой агуулгатай байсан уу?
-Юу гэж дээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна, үндэслэлгүй цагдан хорихыг зогсоо, өмгөөлөгчийн эрх зөрчигдөж байна гэсэн агуулгатай л самбар байсан. Түүнээс өөрөөр бусдыг буруу зүйлд уриалан дуудсан зүйл байгаагүй.
-Тэгээд та хоёрыг юу гэж буруутгах юм?
-Цагдаагийн ажилтнууд биднийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр аваачсан. Биднийг авч яваа байдлыг харахад хэн нэгний тушаал, даалгавраар явж байгаа юм шиг л мэдрэгдсэн. Мэдүүлэг авахдаа бид хоёрыг тус тусад нь өөр өрөөнд оруулсан. Учир нь хэлтэс дээрээ аваачаад өмгөөлөгчгүй байцаалт авах гэж оролдсон. Цаашлаад бүр субектив харилцаа үүсгэхийг оролдсон.
-Тодруулбал?
-Бид хоёрыг тус тусад нь өөр өрөөнд оруулсан. Намайг бол хувь хүн рүү чиглэсэн асуулт асууж эхэлсэн. Чи одоо залуу хүн байна даа... гээд л. Тэр жагсаал цуглаантай холбоотой биш, өөр агуулгаар мэдээлэл авахыг оролдсон. Түүнтэй ямар холбоотой юм, түүнийг таньдаг уу гэх мэт зүйл асууж байсан. Тэгэхэд нь би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзахад цагдаа нар “За тэгвэл өмгөөлөгчөө дууд. Гэхдээ өмгөөлөгчтэйгөө байгуулсан гэрээ байх ёстой шүү” гэж анхааруулж байна лээ. Бид А.Пүрэвдулам өмгөөлөгчөөс тусламж авахаар холбогдсоноор цагдаагийн хэлтэс дээр өмгөөлөгч ирсэн байдаг. Гэвч өмгөөлөгчийг цагдаагийн газрын үүдэндээ нэлээд удаан саатуулсан юм билээ. Ямартаа ч өмгөөлөгч ирж, хууль зүйн туслалцаа үзүүлснээр бид гэм буруугүй гэдгээ баталж, Цагдаагийн хэлтсээс чөлөөлөгдөж гарсан.
-Цагдаагийн хэлтэс дээр хэр удсан бэ?
-Өдрийн 12:00 цагийн орчимд биднийг саатуулж авч яваад 15:00 цагийн үед гарч ирсэн. Дөрвөн цаг орчим болсон гэсэн үг.
-Найзын чинь машиныг хураасан гэв үү?
-Биднийг саатуулаад авч явахдаа машиныг ч мөн аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд нэгжлэг хийхэд нь машинд байгаагүй зүйлс гарч ирсэн. Цагдаа нар л хийсэн бололтой, гэхдээ ямар зорилгоор хийснийг мэдэхгүй.
-Та хоёртой хамт өөр нэг хүнийг саатуулан авч явсан гэдэг байх аа. Тэр ямар учиртай хүн бэ?
-Бидэнтэй ямар ч хамааралгүй ахыг давхар бариад явсан хачирхалтай явдал зүйл болсон шүү. Эхлээд бид хоёрыг саатуулаад шалгаж эхлэхдээ “Гэрт чинь орж нэгжлэг хийнэ” гэсэн. Би зөвшөөрөөгүй. Тэр хооронд манай орцноос гартаа нэг зарлал маягийн цаасан зүйл барьсан ах гараад ирсэн. Цагдаа нар шууд очоод шалгаад эхэлсэн. Нөгөө ах ч гайхаж, эсэргүүцнэ шүү дээ. Гартаа барьсан цаасыг нь хараад бидэнтэй хамт явсан гэж ойлгосон бололтой. Цагдаа нар “Уриа, лоозонгоо наашаа өг” гээд, нөгөө ах эсэргүүцээд тэрүүхэндээ бөөн юм болсон. Гэтэл тэр барьсан бичиг нь “Хэнтий рүү ачаа ачна” гэдэг зарлал байсан юм билээ. Машиндаа наахаар л авч явсан гэж харагдсан.
-Тэр зарлалыг нь цагдаа нар анхаарч уншсан болов уу. Хэрэв уншсан бол тавиад явуулчих байсан байх?
-Харж амжсан. Гэхдээ цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн гээд баривчилна гээд дайраад ноцолдож эхэлсэн. Түүнийг нь нөгөө ахын эхнэр, хүүхэд нь цонхоор хараад гарч ирээд бөөн орилоон чарлаан болно шүү дээ. Эхнэр нь цагдаа нарыг “Боль” гэж орилж, ноцолдож байгаад түлхүүлээд унах шиг болсон.
-Хүүхдийнх нь нүдэн дээр аавыг нь баривчлах гэж ноцолдож байгаа цагдаа нарын дүр төрх эвгүй байсан байх. Та хоёрт ч тэр?
-Тэгэлгүй яах вэ. Маш балмад явдал болсон. Залуу хүний нүдээр харахад үнэхээр эмгэнэлтэй ч харагдлаа. Би хууль зөрчөөгүй л машин дотроо бол юугаа бичээд, наах нь миний эрх. Иргэн хүнийг гэрийнх нь үүднээс үндэслэлгүй баривчилж байна. Би самбар юм уу цаасан дээр үзэл бодлоо бичээд гарахад шалгаж, баривчилж, гэмтээнэ гэдэг маш ноцтой асуудал. Сүүлдээ бол ийм байдал хэвийн үзэгдэл шиг харагддаг болчихлоо. Яасан ч хэвийн үзэгдэл болгож болохгүй. Үүнийг улам ил тод болгож дуугарч явах ёстой шүү гэж бодсон.
-“No double standart” хөдөлгөөнд яагаад нэгдэх болов?
-Бидний жагсаалыг зорьж очих болсон нэг шалтгаан бол Э.Одбаяр, Д.Монголхүү хоёрыг цагдан хорьсонтой холбоотойгоор очиж үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн. Э.Одбаяр Дорнодод болсон бичлэгийг олон нийтэд дэлгэснээс болж цагдан хоригдоод байна. Тиймээс бид үүнийг л эсэргүүцэж очсон.
-Залуус жагсаал цуглаанд захиалгаар оролцдог гэх хардлага нийгмийн нэг хэсэгт бий. Магадгүй та хоёр ч тийм зорилготой байв уу гэж асууж болно биз дээ?
-Захиалгатай байсан бол энэ бол жижиг асуудал болж хувирна. Цагдаа нар биднийг дагаж хувийн эд зүйлс рүү ч халдах шаардлагагүй. Ер нь хувь хүний итгэл үнэмшил захиалга хоёрыг нийтээрээ ялгадаг болмоор байна. Талбай дээр гарсан хүн бүрийг харддаг байдал хэвшчихэж. Энэ бол буру гэж харж байна. Хэн ч өнөөдөр хувийнхаа асуудлыг яриад, эсвэл бусдын байр суурийг хүндэтгээд, үзэл бодлоо нэгтгээд хаана ч хамаагүй үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж болно. Ингэхэд олон нийтийн сэтгэл зүй “Энэ бол захиалгатай” гэдэг дээр тогтож байгаа нь хэцүү санагдаж байна.
-Нэг өглөө гэрээс гараад ирэхэд өөдөөс цагдаа гарч ирээд нэгжиж шалгаад, мэдүүлэг өг гээд аваад явахад сэтгэлзүйд хэр нөлөөлөх юм. Жагсаал цуглаанд дахин очихгүй гэж шантрах зүйл байна уу?
-Бид цагдаад хүндэтгэлтэй хандсан. Ингэхдээ гол нь хуулийн дагуу үндэслэлтэй байх ёстой. “Таныг ийм үндэслэлээр шалгаж байна” гээд тайлбарлавал татгалзахгүй. Түүнээс биш хаанаас ч хамаагүй гарч ирээд загнаж зандрахаар зохион байгуулалттай гэх хардлага төрөх юм билээ. Ийм явдал ар гэрийнхэнд ч сайнаар тусахгүй. Энэ үйл явдлаас үүдэж ар гэрийнхэн маань зарим нь дэмжиж байгаа ч зарим нь залуу хүмүүс, хэл амгүй сургуулиа төгсөх хэрэгтэй гэсэн агуулга харагдаж л байгаа юм.
Гэхдээ ингэж баривчлагдсаны дараа бид хоёрт нэг л зүйл бодогдсон. Хоёулаа зөв зүйлийн төлөө дуугарч байгаа юм байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үнэхээр боогдож байгаа юм байна. Тиймээс цаашид ч үзэл бодол, дуу хоолойгоо чанга илэрхийлэх ёстой юм байна гэж бодсон.