Талибууд Афганистанд гадаадын валют ашиглахыг хоригложээ
КАИР. /TASS/. Афганистаны эрх мэдлийг гартаа авсан хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн дотоодын гүйлгээнд зөвхөн үндэсний валют афганиг ашиглахыг иргэддээ уриалжээ. Энэ талаар түр Засгийн газарт Мэдээлэл, соёлын асуудал хариуцсан сайдын орлогчоор томилогдсон Забихулла Мужахид твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, энэ журмыг зөрчсөн этгээдүүдийг шүүхээр шийтгэнэ.
“Улс орны эдийн засгийн байдал, үндэсний эрх ашиг нь бүх иргэдээс үндэсний мөнгөн тэмдэгтийг худалдаанд ашиглахыг шаардаж байна. "Афганистаны Исламын Эмирт Улс" (талибуудын ашиглаж буй улсын нэр) эх орон нэгтнүүд, жижиг худалдаачид, бизнес эрхлэгчдэд гадаадын валютыг хэрэглэхээс татгалзах шаардлагатай байгаа талаар мэдэгдэж байна" гэж тэрбээр мэдэгджээ.
“Гадаадын валют ашиглах нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, үүнээс үүссэн алдагдал нь иргэн бүрт тусаж байна. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хуулиар хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Афганистаны Төв банкнаас өмнө нь худалдааны бүх үйл ажиллагааг цаашид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай шийдвэрийг 10 дугаар сарын 6-нд гаргажээ. Энэ арга хэмжээ нь зөвхөн улс доторх гадаад валютын гүйлгээнд хамаарах бөгөөд олон улсын худалдаанд нөлөөлөхгүй гэдгийг тус банк мэдэгдсэн байна.
Зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдаа наймаа хийж, гадаадын валют ашиглахаас зайлсхийхийг талибууд өмнө нь Афганистаны иргэдэд уриалж байсан юм. Тухайлбал, Кунар, Нангархар, Логар зэрэг Афганистаны зүүн нутгийн хэд хэдэн мужид худалдааны жижиг гүйлгээг хийхдээ афганигийн оронд Пакистаны рупийг өргөнөөр ашигладаг байна.Хэдийгээр талибууд арга хэмжээ авч байгаа боловч Афганистаны эдийн засгийн байдал хүнд хэвээр байгаа юм. Энэ нь Афганистаны улсын нөөцийн нэлээд хэсгийг АНУ царцаасан учир талибууд дөнгөж 0.1 хувийг нь (9.4 тэрбум ам.доллар) захиран зарцуулах боломжтой байгаатай холбоотой аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг