УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр цахим сонгуулиар АН-ын даргаар сонгогдсон гэх М.Тулгат, цаасан саналын хуудсаар АН-ын даргаар сонгогдсон гэх УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар хамтран мэдээлэл хийж, 11-р сарын 5-нд АН-ын Эвлэрлийн Их Хурлыг зохион байгуулахаар болсноо зарласан билээ.
Тэгвэл өчигдөр АН-ын дарга гэгч М.Тулгат мэдээлэл хийж, АН-ын Эвлэрлийн Их Хурлыг зохион байгуулах амлалтаасаа ухарч байгаагаа зарлав.
Тодруулбал тэрээр: "11 сарын 5-нд АН-ын Эвлэрлийн Их Хурал болно гэж зарласан. Энэ юу болж байна гэсэн асуулт намын гишүүдээс их ирж байна. Ер нь энэ их хурлыг зохион байгуулах яриа хэлцэл үргэлжилж байгаа. Миний хувьд уг хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулах саналыг гаргасан. Шалтгаан нь нэгдүгээрт бэлтгэл ажил бүрэн гүйцэд хангагдаагүй. АН хоёр ҮБХ, Үндсэн Дүрмийн Хороо, Дотоод Сонгуулийн хороотой болчихсон байгаа. Энэ ээдрээтэй асуудлаа яах юм бэ? Эвлэрлийн Их хурлын төлөөлөгчөө яаж бүрдүүлэх юм бэ? гэдэг асуудал бий. Энэ асуудлыг хөнгөн хуумгай шийдвэл бүр ноцтой асуудал үүснэ. Хоёрдугаарт , УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Мөн Оюутолгойн хэлэлцээр, хүний эрхийн зөрчил гэх мэт санаа зовох асуудал их байна. Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн асуудал яг одоо яригдаж байна. Ийм үед яаран их хурал хийх нь зохимжгүй юм. Жаахан хүлээгээд, сайн ярилцаж байгаад хийвэл яасан юм бэ?" гэжээ.
Харин О.Цогтгэрэл даргатай АН 11-р сарын 5-нд АН-ын Онц Их хурлыг хуралдуулахаар албан ёсны зараа хэдийн гаргасан байна.