Тайланд улс дэлхийн 63 орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээсний дотор Монгол Улс багтлаа
Тайланд улсын засгийн газар өчигдөр цар тахлын эрсдэл багатай дэлхийн 63 орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээх болсныг зарлажээ.
Эдгээр орнуудын дотор Монгол Улсаас гадна Хятад, Энэтхэг, Япон, Сингапур, АНУ зэрэг хүчирхэг эдийн засагтай улсууд багтсан байна.
Өчигдрөөс буюу Даваа гарагаас эхлэн зөвшөөрөгдсөн орнуудын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд Тайландад ирснийхээ дараа өгсөн шинжилгээний сөрөг хариун дээр үндэслэн саадгүй нэвтэрч, аялал жуулчлалын бүсүүдээр чөлөөтэй зорчих юм.
Харин жагсаалтад багтаагүй орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд нийслэл Бангкок болон бусад 16 бүс нутагт зөвхөн зорчих хязгаартай байх бөгөөд ирснийхээ дараах эхний долоо хоногийг дээр дурдсан бүсүүдийн зөвхөн нэгт нь өнгөрөөсний дараа бусад бүс нутагт зорчих эрхтэй болохоор зохицуулжээ.
Цар тахлын өмнө жилд 40 орчим сая жуулчин хүлээж авдаг байсан Тайланд улс ийнхүү эдийн засгаа сэргээх зоригтой алхам хийж байна.