Нууранд хоёр зорчигчтой суудлын автомашин сууж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн Эрэгмэг гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т “Хөтөл-Ус нууранд хоёр зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг хоёр бүлэгт хуваагдан зохион байгуулсан байна.
Нэгдүгээр бүлэг Хөтөл ус нуурын усанд завиар урсаж, хоёрдугаар бүлэг Хөтөл-Ус нуурын эрэг дагуу болон болон нуураас зүүн зүгт Эргэнэг хайрхан, Язаар-Уул гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоожээ.
Мөн Хөтөл-Ус нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин 20 см-ээр багассан. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Хөтөл-Ус нуурын урт 500 м, өргөн 300 м, гүн хоёр метр орчим хэмжээтэй хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.