ERGELT.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын зөвшөөрлийн дагуу энэ сарын 18-нд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Харин шүүхээс түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр 10-р сарын 21-нд гарлаа. Д.Хаянхярваа тус компанийн захирлаар томилогдсоны дараа компанидаа дотоод аудитаар шалгалт оруулж, зарим зөрчил илэрсэн учраас АТГ-т хандаж, шалгаж өгөх хүсэлт өгч байжээ. Үүний хүрээнд Д.Хаянхярваа өөрийгөө АТГ-аас 30 хоног цагдан хорих нь хууль бус хэмээн үзэж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд “Миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болж харагдуулах хуулийн гэхээс улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж, хохирогч боллоо. Мөн эхнэр, хүүхэд, найз нөхөд, худ ургийг нь байцааж, 2016 болон түүнээс өмнөх байдлыг шалгаж байна" хэмээн хүсэлтээ хүргүүлсэн байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, цагдан хоригдож буй Д.Хаянхярваа өмнө нь ямар хэрэгт холбогдож байсан талаарх зарим мэдээллийг хүргэе.
-Д.ХАЯНХЯРВАА ЖИЛИЙН 154.080 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-
Д.Хаянхярваа Завхан аймгийн Их-Уул суманд 1960 онд төрсөн, дөрвөн хүүхэдтэй. Эдийн засагч, барилгын инженер мэргэжилтэй нэгэн. 1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч, 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУК-ын дарга, 1990-1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга, 1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, 1993-2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэх намтартай
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2010-2012 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байв, 2012 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон, 2016-2018 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт албыг хашсан бөгөөд 2020 он хүртэл УИХ-д гишүүнээр ажилласан билээ. Өдгөө “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Авлига тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тэрбээр жилийн 154.080 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 12.120 сая хэмээн мэдүүлжээ. Улмаар 373.542 сая төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай, 12.239 сая төгрөгийн хадгаламжтай “Эрдэнэс таван толгой” ХК-д 4288 ширхэг хувьцаа, “Айтүүлс” ХК 5360 хувьцаа эзэмшдэг байна. Тэрбээр нэг автограж, нэг хүлэмжтэй аж. “Ти энд Кэй Эйч брос пикчерс” гэх компьютер тоглоом, программ хангамж зохион бүтээх зориулалттай компанид хувьцаа эзэмшдэг. Тус компаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Буян-Өлзийн Тэнгис ажилладаг байна.
-ДАРХАНЫГ "БАЛЛАСАН" Д.ХАЯНХЯРВАА-
Д.Хаянхярвааг төрөөс төрсөн тэрбумтан хэмээдэг. Учир нь УИХ-д сонгогдохоосоо өмнө Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагад олон жил ажиллаж, сүүлд нь Дарханы Засаг даргаар найман жил ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн объектуудыг үнэгүйдүүлэн хувьчилж авсан хэмээн олон нийт шүүмжилж байв.
Дарханы хамгийн өндөр “Тохь цогцолбор” хэмээх барилгыг Д.Хаянхярваагийнх хэмээн нутгийнхан нь нэрлэдэг байна. Тус барилгад эрхэлж буй үйл ажиллагааг түүний хүү Х.Амарсайхан хариуцан ажиллуулдаг гэнэ.
Түүнчлэн, Дарханы хуримын ордныг гэр бүл судлаач Л.Нарантуяад үнэгүй хувьчилж өгөхөд нөлөөлсөн, солонгосуудаар дамжуулан Христийн сүм болгосон, Дарханы гурван үеийг тосож авсан төрөх газрын барилгыг балгас болгож, үнэгүйдүүлээд өөрөө хувьчилсан, “Дархан мэдээллийн төв” орон нутгийн өмчит төрийн байгууллагыг радио релейний дамжуулан цацах байгууламжийг өөрийн гарын хүн А.Түвшинбаттай хамтран хувьчилсан, Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр багийн нутагт байрлах, дарханчуудын нэрлэдгээр Оросын шилэн давхар худалдааны төвийг мөн үнэгүйдүүлэн өөрийн төрсөн дүү Д.Дарамбазарын нэр дээр худалдан авсан гэхчлэнгээр түүнтэй холбоотой олон асуудал намтарынх нь хар жагсаалтад бий.
Мөн Дарханд оросуудын барьсан цэргийн хотхоны шувуун фабрикыг хувьдаа завшсан, 12 тэрбумын үйлдвэр зэргийг үнэгүй авахдаа өөрийн гарын хүмүүсээр хууль бус хувьчлал, төрийн мөнгө угаах луйвар хийлгэж байсан гэж эх сурвалжууд дурдсан байдаг. Мөн түүнийг хууль зөрчиж, мөнгө угаасан гэж ярих нь бий. Тодруулбал, зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн, тав, есөн жилийн өмнөх зураг харуулж, 300 сая төгрөг авсан хэрэг 2007 онд гарч байжээ. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд цианит натрид хордсон байж магадгүй шинж тэмдэг илэрч, улс даяар шуугиан дэгдэхэд тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа Хонгорынхныг “Зүгээр” хэмээн хэлж, нутгийн иргэдийн дургүйг хүргэж байсан удаатай.
-НАЙЗДАА ТЕНДЕР БЭЛЭГЛЭДЭГ-
Д.Хаянхярваагийн хамгийн ойрын хүнээр “Викторизон” компанийн захирал н.Энхжаргалыг нэрлэдэг. Тэрбээр УИХ-д нэр дэвших болгондоо сонгуулийн кампанит ажлаа дотны найз болох н.Энхжаргалдаа даатгадаг бөгөөд түүнийхээ хариуг гомдоохгүй барьдаг гэх нь бий. Тодруулбал, Д.Хаянхярваа УИХ-д сонгогдсныхоо дараа найздаа 300 сая төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэмээн ярьдаг байна.
2012 онд Д.Хаянхярваа гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшин өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 330 мянган төгрөгийг хүн бүрт 670 мянган төгрөг болгон нэмж тарааснаасаа болж албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т дуудагдан шалгуулж байжээ. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхад нь түүнтэй хамтран ажиллаж байсан Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, НААҮГ-ын дарга Д.Баяраа, “Жигүүр” цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч С.Амаржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Амгалан тэргүүтэй 13 хүн төсвийн 800 сая төгрөг хулгайлсан гэдэг хэрэгт нэр холбогдсон байдаг.
-Д.ХАЯНХЯРВААГИЙН ХУД Р.БОЛОРСАЙХАНТАЙ ХАМТ БАЙГУУЛСАН “ГАЗАР ӨГӨӨЖ” КОМПАНИ-
Д.Хаянхярваагийн худ ураг Р.Болорсайхантайгаа нийлэн байгуулсан “Газар‑Өгөөж” компани ХААХҮЯ‑наас Хүнсний улаан буудайн урамшууллаар 2017 онд 58.8 сая, 2018 онд 166.5 сая төгрөг авч байжээ.
“Газар‑Өгөөж” компанийг 2006 онд Р.Болорсайхан үүсгэн байгуулсан. Харин жилийн дараа буюу 2007 онд Д.Хаянхярваагийн эхнэр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Ингээд арав гаруй жил үйл ажиллагаа явуулсны эцэст Д.Хаянхярваагийн хүү Х.Амарсанаа Р.Болорсайханы охин Б.Занданбалтай гэр бүл болсноор хэтэвч нэгтэй найзууд худ ураг болсон. Иймээс 2016 онд Д.Хаянхярваа гишүүн байхдаа эхнэр Ш.Оюуныг компанийн үүсгэн байгуулагчаас хасуулан төрөөс нөлөөлөх нөлөөллөө бүртгэлээр харагдуулахгүй байхаар нуун дарагдуулсан гэдэг. Одоо “Газар‑Өгөөж” компанийг Р.Болорсайхан дангаараа эзэмшдэг аж. Тус компани хорт рапс тарьж, Хятадтай руу гарган, нэг тонн тутмыг нь 900 сая төгрөгөөр зардаг байна. Рапс нь газрын хөрсний хамаг шимийг сордог учраас Хятадууд өөрийн хөрсөнд тариалахыг хүсдэггүй бөгөөд Монголын хөрсийг золиос болгон ийнхүү Д.Хаянхярваа мэтийн эрх мэдэлтнүүд дур зоргоороо авирлаж, баяждаг гэх.
Түүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан дээрх бараан түүхүүдийг эргүүлэн сөхвөл олон баримт байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэ бараан түүхийг нь хав дарж, төрийн дээд албан тушаалаар шагнасаар байгаа юм. Цаашид түүнд хуулийн байгууллага Д.Хаянхярваад ямар арга хэмжээ авах бол, өмнөх шигээ толгойг нь илээд өнгөрөөх болов уу гэдэг эргэлзээ олны дунд байсаар буй.