УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хувь хүний мэдээллийн тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан. Танайх ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
-Хувь хүний мэдээлэлд маш их зүйл ордог. Өмнө нь гурван үеийн намтраа бичиж үлдээдэг, хуучин МАХН-ын архивд мэдээллээ өгдөг систем байлаа. Тэр мэдээллийг яаж хамгаалдаг байсан гэдэг нь тодорхойгүй байсан. Тиймээс намын бүлэг энэ асуудлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн.
-Энэ хуулийн төслийн 29.2 дугаар заалт олны шүүмжлэлд өртөөд байна. Албан тушаалтны мэдээллийг эзнээс нь зөвшөөрөл авч нийтэлнэ гэсэн заалт бий. Энэ нь өөрөө хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг биш үү?
-Тийм. Хувь хүний мэдээллийг хувь хүний мэдээллийг буруу байдлаар ашигласан бол ямар хариуцлага хүлээх гэдгийг тусгаад байна. Гэхдээ үүний цаана ямар бодлого явж байна вэ түүнийг нь эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа. Бид бол хуулийн заалтыг судална, харна. Манай намын Бүлгийн гишүүдийг ажлын хэсэгт оруулаагүй учир бид ажлын хэсэг орох шаардлага тавьж байгаа.
-Танай нам сүүлийн үед дотоод маргаантай байгаа. Өнгөрсөн долоо хоногт ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй байна. Цаашид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байх вий гэдэг болгоомжлол иргэдийн дунд байгаа шүү дээ?
-Би энэ болгоомжлолтой санал нэг байна. Аль болох бид хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг хичээж байгаа.
-Та намын бүлгийн дарга хэвээрээ байгаа юү. Н.Ганибал гишүүн таныг бүлгийн даргаас чөлөөлсөн талаар мэдээлж байсан. Энэ тухайд?
-Би бүлгийн дарга хэвээр байгаа.
-Гурван гишүүнийг та Бүлгээс хасаж байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Би бүлгийн гишүүдийг хасах эрх бүхий хүн нь биш. Тэр намын шийдвэр байсан. Энэ талаар бид дахин ярилцъя гэсэн шийдвэртэй байгаа. Өөрөөр хэлбэл, Бүлгийн дотоод асуудлыг гадагшаа гаргахгүй байх талаар бид ярилцсан.
-Ирэх сарын 5-нд танай нам Их хурлаа хуралдуулах товтой байгаа. Энэ хурал болох уу?
-Тэр асуудлыг холбогдох хүмүүс нь мэдэж байгаа. Би мэдэхгүй.
-Гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг төсөвлүүлсэн асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хувь гишүүний хувьд би эсрэг байр суурьтай байгаа. Ийм маягаар лобби хийж, авлига явуулж болохгүй. Хуулийн дагуу нэгдсэн төсөвтэй байх ёстой. Хуулийн цоорхой, боломжийг ашиглаж ийм зүйл битгий хийгээсэй гэж бодож байна.
-Засгийн газар “Рио Тинто” компанийн төлөөлтэй уулзаж, Оюутолгойн гэрээг сайжруулах талаар ярилцаж байгаа. Энд та ямар саналтай байгаа бол?
-Би үүнийг анхааралтай ажиглаж байна. Засгийн газар тавьж байгаа шаардлагадаа хатуу байр суурьтай байх ёстой.