Халдвар алдсан дарга нар хаачсан нь тодорхойгүй байна
Хятадын эх газарт энэ сарын дундуур халдварын 96488 тохиолдол илэрснээс 9367 нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд 91296 өвчтөн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Мөн 556 өвчтөн эмчлүүлж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хонконгт 12276 тохиолдол илэрснээс 11971 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол бүртгэгдэж, 66 хүн эдгэрчээ. Харин энэ долоо хоногийн эхээр Хятад улсын Өмнөд Монголын ӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн хотод “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо 1-ээр нэмэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн тоо 16 болсон бол Алшаа аймагт 11 тохиолдол шинээр батлагдан нийт халдвар авсан хүмүүсийн тоо 90 болсон байна. 90 тохиолдлын 89 нь манай улстай хил залгаа оршдог, Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт байдаг Эзнээ хошуунд бүртгэгджээ.
“Ковид-19”-ийн тархалтыг барьж чадалгүй ажлын хариуцлага алдсан үндэслэлээр Эзнээ хошууны намын хорооны дарга Чэн Жаньюнийг ажлаас нь халж авч явсан бол адил хэргээр хатуу шийтгэл хүлээсэн бусад дарга нарын тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.