Хойд Солонгосын удирдагч 20 килограмм жин хасжээ
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 20 орчим килограмм жин хассан ба түүний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсээгүй бололтой байна гэж БНСУ-ын хууль тогтоогч тагнуулын албаны мэдээллийг эш татан пүрэв гарагт мэдээлэв.
“БНАСАУ-д сүүлийн үед болсон үйл ажиллагаануудад Ким Жөн Уны оронд түүнтэй адилхан хүнийг оролцуулсан гэх мэдээллийг Үндэсний тагнуулын алба парламентын хаалттай хуралдааны үеэр няцаасан” гэж эрх баригч Ардчилсан намаас сонгогдсон парламентын гишүүн Ким Бюн Ки сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний хэлснээр, Үндэсний тагнуулын алба хиймэл оюун ухаан тэргүүтэй шинжлэх ухааны аргачлалуудыг ашиглан БНАСАУ-ын удидагчийн биеийн байдлын талаар нарийвчилсан судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Мөн БНАСАУ энэ оны 2-7 дугаар сарын хугацаанд Йонбен дахь гол цөмийн байгууламждаа ашигласан цөмийн түлшний савааг дахин боловсруулсан байж болзошгүй болохыг тагнуулын алба мэдээлжээ. Ашигласан түлшний савааг дахин боловсруулснаар зэвсгийн плутони цуглуулах боломжтой байна.
Ким Жөн Ун мөн БНАСАУ-ын удирдагчид агсан аав Ким Жөн Ир, өвөө Ким Ир Сен нарын хөрөг зургийг албан ёсны хурал цуглааны арын дэвсгэрт байрлуулахаа больсон гэдгийг тагнуулын албанаас мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг