Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн өдөрт: Дилав хутагт Б.Жамсранжав
Шинэ үеийн тагнуулын байгууллага 1922 онд Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө олон арван тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлж ирсэний томоохонд тооцогдох нь Дилав хутагт Б.Жамсранжавыг гадаадад суурьшуулсан тагнуулын арга хэмжээ байв.
Дилав хутагт Б.Жамсранжав 1922 оноос тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, баруун хязгаарын ард олныг үймүүлэн салан тусгаарлах санаа агуулж, Ардын төрийн эсрэг хэрэг өдүүлсэн Жа лам хэмээх Дамбийжанцанг устгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцсон юм.
1922 онд Засгийн газар, Бүх Цэргийн Зөвлөлөөс Дамбийжанцанг устгахаар гаргасан шийдвэрийн дагуу тагнуулын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гүн С.Ламжав, Дилав хутагт Б.Жамсранжав нараар Жа ламд “таныг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал бичүүлэн хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Д.Балдандорж, Н.Дугаржав, Д.Нанзад тэргүүтэй хүмүүс Маажинсан уулнаа очиж, төлөвлөгөө ёсоор Дамбийжанцанг устгажээ.
1920-иод оны сүүл үеэс Япончууд БНМАУ-ын дорнод, зүүн өмнөд хилээр довтлох бэлтгэл хийж байхад, Гоминьданы хятад манай баруун хилд цэргийн хүч хуралдуулан, түвдийн 6 дугаар Банчин Богд Гэлэгнамжилын нэр нөлөөг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж байжээ.
Иймд Банчин Богдын санаа зорилго, Хятад, Японы манай улсын талаарх байр суурь, Банчин Богдын хань харилцаа, үйл ажиллагааг судлан тодруулах үүрэг тагнуулын байгууллагын өмнө тулгарч, энэхүү зорилтыг шийдвэрлэхийн тулд олноо Дилав хутагт хэмээн алдаршсан Б.Жамсранжавыг /1882-1965/ хилийн чанадад нууцаар гаргаж, түвдийн 6 дугаар Банчин хэмээх Гэлэгнамжилын дэргэд суурьшуулан, түүний санаа, зорилго болон Япон, Хятадын зүгээс манай улсын эсрэг явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг тагнан мэдэх тагнуулын арга хэмжээ зохиосон байна.
Тагнуулын байгууллагаас Б.Жамсранжавыг бурхан шашны томоохон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үзсэн ба мөн дээд ангийн ламын хувьд мал хөрөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэрэгт холбогдон баривчлагдаж, 2 жил тэнсэн харгалзах ялтай суллагдсан, 1928 онд Дотоодыг хамгаалах газраас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойшлогдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлж, 1931 оны 2 дугаар сард Дилав хутагтыг хил давуулсаны дараагаар Монгол, Өвөр Монголын нутагт болон Монголоос дүрвэн гарсан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэмээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргажээ.
1932 оны 6 дугаар сард Бээжин хотноо сойвон Гэндэнтэй очиж, Банчин Богдтой уулзан мөргөж, түүний хамт Нанжин хотноо болох хуралд очиж, Халхын тухай асуудал хэлэлцэх төлөөлөгчөөр сонгогдон, тэдний итгэлийг олж, үүргээ биелүүлэх ажилд орж эхэлсэн байна.
1934 онд Япончууд Шилийн голд орж ирэхэд Дилав хутагт Өвөр Монголын тэргүүн ноён Дэмчигдонров ванг түшиглэн, Монголын Засгийн явдлын зөвлөлд орж, улс төрийн үйл ажиллагаанд оролцон Японы цэргийн эрхтнүүдтэй уулзаж, дотно харилцаж, Хятад, Өвөр Монголын аль нутагт дураар зорчих тамга бүхий эрхийн бичигтэй болжээ. Улмаар Гоминьданы Хятадын Нанжингийн Засгийн газрын хууль байгуулах хорооны тэргүүлэгч, Банчин Богдын яамны Монгол хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллажээ.
1939 онд тэрээр Чунцин хотноо суурьшсан бөгөөд мөн онд Япончууд Баруун Сөнөдийн нутаг Бүтэмжийн говьд нутаглаж байсан 1932 онд дүрвэн гарсан Ганжуурваа хувилгааны зуун өрх айл, Дархан бээлийн хошуугаар нутаглаж байсан Очирдарь хувилгааны ная гаруй өрх айл, Дунд гүний хошууны Хүрд Хар-Усаар нутаглаж байсан хорь гаруй айлыг цуглуулан 1941 онд “Дилавын хошуу” гэгчийг байгуулж, даргаар нь Намсрайг томилсон байна. Япон, Хятадын зүгээс Дилав хутагтын нэр нөлөөг ашиглан халхын оргодлуудаар хошуу байгуулсан нь тус улсын эсрэг тагнуулын бааз суурь болгон ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилготой байсан бөгөөд Дилав хутагт тухайн хошуунд удаан суурьшаагүй байна.
Чөлөөлөх дайны үед Улсыг аюулаас хамгаалах байгууллагын /УАХБ/ гүйцэтгэх группүүдийн нэг үүрэг нь 1930-аад онд эх орноосоо дүрвэн гарагсдыг буцаан авчрах байсан бөгөөд 1945 оны 8 дугаар сард Баруун Сөнөдөд байсан халх 500 гаруй өрх айлыг нэгэн зэрэг хил давуулан ирүүлж, Дорноговь аймгийн Иххэт, Хар айраг, Ихжаргалан сумуудад тараан суурьшуулсанаар Дилавын хошуунд харьяалагдаж байсан ардууд эх нутагтаа эргэн ирсэн байна.
1938 оноос эхлэн Дилав хутагт тагнуулын байгууллагаас үндсэндээ холбоогоо таслан хөндийрч, Хятадын гүн тийш амьдран суух болжээ. Түүний дэргэд болон түүнтэй харилцаа холбоо барьж байсан зарим мэдээлэгч, тагнуулчид түүнийг урвасан, өөрсдийг нь элдвээр сэжиглэсэн, Япон, Америкийн тусгай албанд элсэгдэн ажиллах болсон гэх мэтийн утга зөрүүтэй мэдээг тагнуулын байгууллагад өгч байжээ. Мөн Дилав хутагтыг дагалдан явсан хүмүүс түүний хувийн амьдрал болон шашны асуудалд нь оролцож, зааж зааварлах болсон, мэдээлэгч нууцаа задруулсан, 1937-1939 онд Монголд их хэлмэгдүүлэлт болсон зэрэг нь тагнуулын байгууллагаас хөндийрөх шалтгаан болсон болжээ.
Түүнчлэн түүнд үүрэг даалгавар өгч явуулсан хүмүүс 1937-1939 онд хэлмэгдэж үгүй болсон, түүний тагнуулын ажлаар явсан үнэн шалтгааныг мэдэх хүнгүй болж, анхны “оргодол” хэмээх нэр нь туйлын үнэн болж хувирсан зэрэг ээдрээт нөхцөл шалтгааны улмаас эх орондоо эргэж ирэх боломжгүй болсон байна.
Дилав хутагтыг түшиглүүлэн суурьшуулах, түүнтэй холбоо бариулахаар хүмүүсийг нэг биш удаа явуулж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд харин нэг удаа холбоо бариулахаар очсон хүн Японы тусгай албанд баригдсаныг суллуулан буцах боломжийг нь бүрдүүлэн өгч байжээ.
Өвөр Монголын Дэмчигдонров ван 1942 оны сүүлийн хагасаас өөрийн гурав дахь хүү Очирбатыг Жибзундамба хутагтын хувилгаан болгохыг Далай ламаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Дилав хутагтад 70 мянган юань өгч, Лхаст явуулахар шийдсэн байна. Дилав хутагт энэ мөнгийг Бээжинд суугаа Английн Элчин сайдын яамаар дамжуулж, Түвд рүү гуйвуулаад өөрөө Чуулалт хаалгаас гарч, Хөх хот, Бугат Хөхнуураар дамжин Түвдийн нийслэл Лхаст очжээ. Ингээд Түвдэд хэдэн жил ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул Чунцинд дахин буцан ирж, дахин Чан Кайшигийн дэргэд ажиллах болжээ.
Энэ үед Чөлөөлөх дайн дуусч, 1945 оны 6 дугаар сарын 30-наас мөн оны 8 дугаар сарын 14-нийг хүртэл 9 удаа хуралдсан Зөвлөлт Хятадын хэлэлцээрийн дагуу "Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс БНМАУ-д 1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.
Санал хураалтаар Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн учир санал хураалтын дүнг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан 11 дүгээр сарын 10-нд ЗХУ, ДИУ-ын Засгийн газарт илгээжээ.
1946 оны 1 дүгээр сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргасан бөгөөд санал хураах Төв комиссын орлогч дарга Ч. Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны 2 дугаар сарын 8-нд Чунцинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Хятадын Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны 2 дугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцож, 1946 оны 11 дүгээр сарын 5-нд Хятадын Гоминданы Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хожим 1949 онд БНХАУ байгуулагдсанаар албан ёсоор БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхтэй.
Монголын тусгаар тогтнолыг Гоминьданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхэд Чан Кайшигийн дэргэд америкийн нэрт эрдэмтэн О.Латтиморын хамт зөвлөхөөр 6 жил ажилласан Дилав хутагт Б.Жамсранжавын нөлөө их байсан бөгөөд О.Латтимор Монголд ирэхдээ: “Дилав хутагт Монголын тусгаар тогтнолын хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан хүн шүү. Та нар зөвөөр ойлгох ёстой” хэмээн өгүүлсэн нь Монголын тусгаар тогтнолын төлөө Дилав хутагтын байгуулсан түүхэн гавьяаг тодруулах нэгэн баримт юм.
Дилав хутагт Б.Жамсранжав 1949 оны 3 дугаар сард америкийн нэрт эрдэмтэн О.Латтиморийн тусламжтайгаар Америкт очиж, Балтимор хот дахь Жон Хопкинсийн Их Сургуулийн Гадаад хэлний салбарт зөвлөх багшаар ажиллаж, Америкийн монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 1950-1952 онд цагаач халимагуудтай хамтран Нью-Жерси мужид Грийвүүд Акридэд буддын шашны анхны сүмийг байгуулагдахад ширээт ламаар залагджээ. Үүнээс хойш Дилав хутагт нь тус сүмд шашны ажил эрхлэхийн зэрэгцээ өөрийн улс төрийн дуртгал намтрын талаар тэмдэглэлүүд бичих болсон байна. Тэрээр 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод нас баржээ.
БНМАУ-ын Засгийн газраас 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д элсэх хүсэлтээ анх удаа гаргасан бөгөөд “БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцож, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүй зөвлөл, Ерөнхий Ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байна” гэдгээ илэрхийлжээ. БНМАУ 1946 оноос эхлэн 5 удаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох өргөдөл гаргасан бөгөөд 15 жилийн дараа 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй.
Эл түүхэн өдөр Дилав хутагт Б.Жамсранжавын туйлын хүсэл биелж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн төв байрны гадаа мандсан Монгол Улсын төрийн алтан соёмбот далбаанд хүндэтгэл үзүүлж зогссоныг түүний шадар лам сойвон Жамбалдорж дурдатгалдаа өгүүлсэн байдаг.
Түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэг