Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Манай улс 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаас хойших 10 жилийн хугацаанд 38 мянган цахим гарын үсэг олгогдоод байгаа аж.
Эдгээр гарын үсгийг нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд л авсан байдаг. 10 жилийн хугацаанд 38 мянган цахим гарын үсэг олгогдсон гэдэг туйлын чамлалттай тоо бөгөөд цахим гарын үсэг нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрээгүй.
Үүнтэй холбогдуулан хуулийн төсөлд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгажээ. Нийт 2.2 сая гаруй иргэдийн иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгнө. Иргэн бүр цахим гарын үсэгтэй болохоор цахим гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно.
Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Харин өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байх юм.