МҮБХ: Нийт 18 бөх шинжилгээнд хамрагдсанаас 4 бөхөөс допинг илэрлээ
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
Улсын их баяр наадмыг тохиолдуулан наймдугаар сарын 17-нд 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Уг барилдаанд шөвгөрсөн 16 бөх мөн өөрсдийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгөөд байсан юм. Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу бүгд ирсний дараа мэдээллэхээ мэдэгдээд байсан.
Тэгвэл шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд шинжилгээний хариуг ирүүлснээс 18 бөхийн шинжилгээний хариуны дөрвөөс нь допинг илэрчээ. Уг дөрвөн бөхийн нэрийг дурдах боломжгүй бөгөөд юуны өмнө МҮБХ-ноос тухайн бөхчүүдэд хариуг нь мэдэгдэнэ гэдгээ хэллээ. Мөн бөхчүүд B cорьцоо ахин шинжлүүлэхийг хүсвэл БНСУ-ын лабораторид хандах боломжтойг хэлэв. Харин уг дөрвөн бөх B сорьцоо шинжлүүлэхээс татгалзвал допингийн хариуг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж дараа дараагийн хариуцлага тооцогдоно гэлээ.
Эргэн сануулахад Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлсэн.
Мөн барилдаанд улс, аймгийн алдар цолтой нийт 512 бөх барилдсанаас улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон юм.